Гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл элбэг байдаг. Бие махбодийн хүчирхийлэл ил тод байдаг бол сэтгэл зүйн хүчирхийлэл далд байдаг бөгөөд ихэнх тохиолдолд хүчирхийлэлд өртөгч нь өөрөө ч мэдэхгүй байдаг.
Ийм харилцааны үед хохирогч зорилго, хүсэл мөрөөдөл, өөртөө итгэх итгэл бүхнээ гээж үргэлж өөртөө сэтгэл дундуур гоочилж амьдардаг. Хайртай хүндээ байнга гоочлуулж доромжлуулснаар тэд жирийн хүн шиг салаад явна, би ганцаараа болгож бүтээж чадна гэж бодож чадахаа байдаг бөгөөд хүчирхийлэгчээс салахаас айдаг, түүний хэлснээр түүнгүй бол бүр зовно гэж боддог, ийм байдал үргэлжилсээр байвал гүн хямрал, сэтгэцийн өөрчлөлт, амиа хорлолтонд ч хүргэж болно.
Сэтгэл зүйн хүчирхийлэл гэр бүлд маш элбэг бөгөөд хүчирхийлэгчдийн харьцаа эрэгтэй, эмэгтэй бараг ижилхэн байдаг бөгөөд тэд хамгийн хайртай дотны хүмүүсээ өөрийн мэдэлгүй болон санаатайгаар байнга доромжилж, гоочилж шүүмжилж, сүрдүүлж, айлгаж, ичээж, удирдаж бие хүн чанарыг нь үгүй хийдэг байна. Ихэвчлэн багадаа ийм сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн, өөртөө итгэлгүй байдал зэрэг нь ийм үйлдэл хийхэд хүргэдэг ба эрүүл насанд хүрсэн хүмүүс шиг бие биенээ хүндэлсэн харилцаанд орж аливаа асуудлыг эвээр шийдэж чаддаггүй, харин үргэлж уурлаж гомдож хүчилж байдаг.
Доорх шинж тэмдгүүд бол хайртай хүн чинь чамайг сэтгэлзүйн хувьд хүчирхийлж байгаан хамгийн тод жишээнүүд юм. Эдгээрээс илэрч, амьдралдаа гутарч, өөртөө итгэлгүй байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж асуудлаа заавал шийдэх хэрэгтэй.
1. Чамайг өөр хүмүүсийн дэргэд доромжилж, гоочилж, ичгэвтэр байдалд оруулж шоолдог
2. Чиний санаа санаачлага, хүсэл сонирхол, үзэл бодол, шаардлагыг байнга няцаадаг
3. Чамайг ёжилж, шоолсон ч тэр нь сэтгэлээр унамаар байдаг
4. Тэгээд муухай зан гаргахад нь уурлаж гомдож сэтгэлээр унахад сүртэй юм, эмзэг юм бэ гэж өөрийгөө хамгаалж чамайг буруутгадаг
5. Чамтай жоохон хүүхэд шиг харьцах ба байнга зааж зааварлаж удирдах гэж оролдоно, уурлана
6. Зан ааш, сонголт, байгаа байдлыг чинь өөрчилж засах гэж үргэлж оролдоно
7. Ямар ч үйлдэл хийсэн, гарч орсон түүнээс зөвшөөрөл авах ёстой юм шиг санагдана
8. Санхүүгийн давуу байдлаа ашиглан чамайг удирддаг
9. Чамайг аажуухнаар доромжилж, үгүйсгэсээр байгаад чи хүсэл мөрөөдөл, зорилго төлөвлөгөө, амьдрах итгэлээ алдсан
10. Тэд яаж ийж байгаад үргэлж өөрсдийнхөө зөв чиний буруу болгож чаддаг, сүүлдээ чи үргэлж өөрийнхөө буруу гэдэгтэй эвлэрсэн
11. Биеийн хөдөлгөөн болон хэл амаараа чамайг үгүйсгэж, дургүйцэж, хориглож байгаагаа байнга илэрхийлдэг
12. Чиний дутагдал, гаргасан алдаа зэргийг байнга сануулж гоочилж бахаа хангадаг, дийлдэг
13. Үнэн худлыг мэдэхгүй байж чамайг буруутгаж сэжиглэдэг. Найз нөхөд гэр бүлийнхнээс чинь уурлаж дургүйцсээр байгаад холдуулж хөндийрүүлсэн
14. Өөрийнхөө алдаа зэрэгт хошин маягаар хандаж, өөрийгөө шоолох мэдрэмж байхгүй. Бусад хүмүүст шоолуулж шоглуулахаараа уурлаж биеэ барьж чаддаггүй
15. Үргэлж бусдаас хүндлэл шаарддаг, ямар нэг байдлаар хүн өөрт нь хүндлэлгүй хандсан мэт санагдвал тэсэрдэг
16. Өөрийн гаргасан зан аашийг бусдад нялзааж, тэднээс болсон гэж шалтагладаг, уучлалт гуйж чаддаггүй
17. Хүсэлт гуйлтыг чинь үл ойшоож, хил хязгаарыг байнга даварч, хувийн орон зайд чинь халддаг
18. Өөрийнхөө амьдралын асуудал проблем, аз жаргалгүй байдалдаа чамайг үргэлж буруутгадаг
19. Чамд таалагдахгүй байсан ч тааламжгүй нэр хоч өгч түүгээрээ дууддаг
20. Ихэнх үед сэтгэл зүйн хувьд хаалттай, хүйтэн ярилцаж ойлголцох боломжгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг
21. Анхаарал татахын тулд гомдоллож, эсвэл чамайг байхгүй мэт үл тоон аашилж хүссэндээ хүрдэг
22. Чамайг ойлгох, дэмжих гэсэн ойлголт байхгүй
23. Хариуцлагаа үүрэхийн оронд үргэлж хохирогчийн дүрд тоглож, чамайг буруутан болгож чаддаг
24. Чамайг айлгаж, шийтгэхийн тулд чамаас харьцаагаа таслана хаяна гэж сүрдүүлдэг
25. Чиний бодол сэтгэл, юу мэдэрч яаж байгаа бол гэж огт сонирхдоггүй
26. Чамайг бие даасан хувь хүн гэхээс илүү өөрийнхөө нэг хэсэг, өргөтгөл гэж үздэг ханддаг
27. Бэлгийн харилцаагаар дамжуулан чамайг удирдаж, нөлөөлөх, наймаалцах гэж оролддог
28. Чиний итгэж ярьсан нууцыг дараа нь чиний эсрэг ашигладаг
29. Нүүр тулаад харьцахад чамайг сэтгэлзүйн хувьд хэцүү байдалд оруулж, дарамталж хүчирхийлж байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй
30. Түүнтэй хамт байх жаргалгүй байсан ч түүнээс салж явбал бүр зовно, чи ганцаараа хаачиж ч чадахгүй, чи юу ч хийж чадахгүй, хэн ч биш гэсэн бодлыг толгойд чинь суулгаж чадсан