Нэг аппарат-Нэг амь” хандивын аянг Дарханы бизнес эрхлэгчдийн холбооноос зохион байгуулж эхэлжээ. Уг аянг зохион байгуулж буй зорилго нь коронавирусын халдварын эмчилгээг хийж буй эмнэлгүүдэд амьсгал дэмжигч аппарат дутмаг байгаатай холбоотой аж. Амьсгал дэмжих аппарат дутмаг байгаагаас үүдэн халдвар авсан иргэдийн биеийн байдал хүндрэх, түргэн хугацаанд амьсгалын дутмагшилд орох, уушиг устах улмаар амь насаа алдах эрсдэл буухгүй байгаа талаар эмч, мэргэжилтнүүд хэлж байна.
Тиймээс тус аяныг зохион байгуулж эмнэлгүүдийг амьсгал дэмжих аппаратаар яаралтай хангах шаардлага бий хэмээн аяныг зохион байгуулагчид хэлж байна
Хандивын аяны зохицуулагч Г.Гантулга “Амьсгалын цочмог дутагдлаас болж өвчтөний биеийн байдал хүндэрч, нас барж байгаа гэдгийг судалгаагаар тогтоосон. Тиймээс Яармагийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн госпиталь гэх зэрэг олон эмнэлэгт очиж уулзалт хийж, судалгаа хийсэн.
Тэнд амьсгал дэмжигч аппарат зайлшгүй шаардлагатай байна. Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, амьсгал дэмжих аппарат, амьсгалын аппарат, уушиг орлуулах Экмо аппарат гэсэн төрлүүд байна байна. Үүнээс амьсгал дэмжигч аппарат өнгөрсөн жил үйлдвэрлэлд нэвтрээд явж байна. Энэ тоног төхөөрөмж, аппаратыг Монгол улсад анх удаа оруулж ирж байгаа аж. Уг аппарат нь бага оврын амьсгал дэмжих зориулалттай.
Коронавирусын халдвар авсан хүмүүс эмчилгээгээ бүрэн авч чадалгүй уушигны цочмог дутагдал орж улмаар цусан дахь хүчилтөрөгч багассанаас болж эмчилгээгээ бүрэн авч чадахгүй хүндэрч байна. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор амьсгал дэмжигч аппаратыг ашигладаг. Энэ маш ач тустай аппарат. 2-3 хоног амьсгал дэмжигч аппаратад сэргэж энгийн тасаг руу шилжих боломжтой болдог юм байна. Мөн тус аппарат нь амьсгалын аппаратаас 4-5 дахин хямдхан. Нэг амьсгалын аппарат манай улсад 40 гаруй сая төгрөгөөр зарагддаг юм байна лээ. Эрүүл мэндийн яам тендерээр 80-200 сая төгрөгөөр авсан тохиолдол байна. Тэгэхээр нэг амьсгалын аппарат авах мөнгөөр 4-5 амьсгал дэмжих аппарат худалдаж аваад 5 хүний амь насыг аврах нь” гэлээ.
ХАНДИВЫН АЯНД НЭГДЭХИЙГ ХҮСВЭЛ
Утас: 99101102, 99084315
Хандивын данс: Валютын данс: Голомт банк 34551397911
Төгрөгийн данс: Голомт банк 3455139789
Хүлээн авагчийн нэр: Дарханы бизнес эрхлэгчдийн холбоо
Буян тань дэлгэрэх болтугай!
Дашрамд дурдахад, одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд 1000 гаруй амьсгалын аппарат ажиллаж байгаа нь хүнд болон нэн хүнд өвчлөлтэй байгаа 2900 гаруй хүмүүст яаагаад ч хүрэлцэхгүй байгаа аж. Амьсгал дэмжих аппаратны нэг бүрийн үнэ нь 9.6 сая төгрөг бөгөөд 21-24 хоногийн хугацаанд БНХАУ-ын Шенжен хотын Эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн үйлдвэрээс авчрах аж. Уг аппарат нь Европын стандартыг бүрэн хангасан яг коронавирусын эмчилгээнд зориулагдсан аппарат гэж аянг зохион байгуулагчид хэлж байна.