НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Европын Холбооны санхүүжилтээр “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiM)” төслийг 2018 оноос 2021 он хүртэл амжилттай хэрэгжүүллээ.
ЮНИДО нь 2018 оны 3-р сараас хойш нийт 3 жилийн хугацаанд мах, сүү, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэлийн салбарын үнэ цэнэ, бүтээмж, өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, малчдын хоршоод, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, судалгаа, хөгжлийн байгууллагуудыг чадавхижуулах ажлуудыг хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд 12,000 гаруй малчин, ногоочин, 80 гаруй боловсруулах үйлдвэртэй хамтран ажиллаж, 2,200 ажлын байрыг бий болгосон.
Уг төслийн дүгнэлт уулзалт 2021 оны 7-р сарын 1-ний өдөр цахимаар болж ХХААХҮЯ-ны газрын дарга М. Дондогдорж, хэлтсийн дарга Б.Ганзориг, Европын Холбооны Элчин сайд Траяан Христеа, НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Тапан Мишра, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч хатагтай Тони Лим, тус байгууллагын Хүнсний тогтвортой системийн хэлтсийн дарга ноён Али Бадарне зэрэг удирдлагууд, үндэсний болон олон улсын нарийн мэргэжлийн экспертүүд, төсөлд хамтран ажилласан түнш байгууллагууд болон төслийн харилцагчид оролцсон юм.
Уулзалтаар төслийн сүүлийн хагас жилд хэрэгжүүлсэн хүнсний аюулгүй байдлын ахисан түвшний олон улсын сургалт, Баянхонгор аймагт мал төхөөрөх, арьс шир бэлтгэх практик сургалт болон стратегийн чухал ач холбогдол бүхий Ховд аймгийн мал аж ахуйн үйлдвэр технологийн парк ба Мал төхөөрөх загвар үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулсан ажлын үр дүнг товч танилцууллаа.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Траяан Лауренцию Христеа төслийн үр дүнд баяр хүргэж Монгол Улсын засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай цаашид хамтын ажиллагаа өргөжүүлэхийн чухлыг онцоллоо.
Эх сурвалж: ХХААХҮЯам