Шатахууны үнийн асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн нэмэгдлийн талаар мэдээллээ.
Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Монгол Улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хилийн үнээс шууд хамаардаг. Иймд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авсаар ирсэн билээ. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хилийн үнэ буурч, нийт гурван удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан. 2020 оны зургадугаар сараас дэлхийн зах зээл дээрх үнэ өнөөдрийг хүртэл байнга өсөлттэй байсан ч улсын хэмжээнд АИ-92 төрлийн автобензиний жижиглэнгийн үнийг нийслэлд 1450 төгрөг, орон нутагт 1480-1670 төгрөгт тогтвортой барьсан.
Газрын тосны үнэ 2021 оны нэгдүгээр сараас өсөлттэй байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, энэ оны тавдугаар сард газрын тосны зах зээлийн тоймоо шинэчлэн тооцсон” хэмээн тайлбарлав.
Үнийн өсөлттэй холбогдуулан хөрш орнуудын шатахууны үнэ 2021 оны зургадугаар сарын 28-ны өдрийн байдлаар авч үзвэл:
-ОХУ-д АИ-92 автобензин литрийн үнэ 1950 төгрөг, дизель түлшний үнэ литр нь 1918 төгрөг,
-БНХАУ-д АИ-92 автобензиний литрийн үнэ 3274 төгрөг, дизель түлшний үнэ литр нь 2887 төгрөг тус тус байна. БНХАУ-ын хувьд он гарснаас хойш нийт 12 удаа бензиний үнээ нэмсэн гэв.