Хотын дарга үерийн далан сувгийн барилга, байгууламж, гуу жалга, авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэж, ус нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, орчны хог хаягдалгүй байлгах үүрэг, даалгавар өгсөн. Тэгвэл энэ чиглэлээрх ажил хэвийн үргэлжилж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэллээ.
Барилга угсралтын ажил нь зогссон сургууль, цэцэрлэг, тэдгээрийн аюулгүй байдлыг хангуулж, сургууль, цэцэрлэгийн гадна орчныг стандартын шаардлагад нийцүүлэн тохижуулах ажлын явц, гүйцэтгэлийн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан юм. Ажлын хэсэг хуралдаж, жагсаалт гаргаж, зарим газрын талаар шүүхэд хандахаар болсон гэнэ.
Мөн нийслэлийн хэмжээнд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлт гарч, олон улсын байгууллагатай хамтарч ажиллахаар болжээ. Энэ хүрээнд олон улсын байгууллагатай уулзаж, ажил эхлэхэд бэлэн болсон гэдгийг Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр хэлэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС