Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Уг хурлаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох, түүнд мөрдөх журмыг шинэчлэх тухай хэлэлцлээ. Налайх дүүргийн ЗДТГ-аас агаарын чанарыг сайжруулах бүсэд орох хүсэлт гаргажээ.
Учир нь агаарын чанарыг тодорхойлох хэмжилтээр тус дүүргийн нэгдүгээр хороонд РМ2.5 тоосонцор агаарын чанарын хүлцэх хэмжээнээс 8.2 дахин их байсан нь түүхий нүүрсний хэрэглээг бууруулах зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм.
Иймээс Налайх дүүргийг 2021-2022 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулахаар урьдчилсан судалгаа хийсэн байна. Налайх дүүргийн найман хороонд нийт 10295 өрх байдаг. Дээрх өрхийн 70 хувь буюу 7226 нь гэр хороололд амьдардаг.
Тэгвэл жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай сайжруулсан түлшний үйлдвэр тус дүүрэгт ашиглалтад орсон. Үйлдвэр одоогоор 256 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад нэмж 800 гаруй хүн ажлын байраар хангагдах юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС