Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран шүүхийн архивын зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн талаар өмнө мэдээлсэн. Тухайлбал, тендерт оролцогчийн иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар оролцсон эсэх тухай тодорхойлолтыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn системээр дамжуулан цахимаар олгох ажлыг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн.
Уламжлалт аргаар зохион байгуулагддаг тендерээс бусад бүх цахим тендерт дээрх системээр хүсэлт хүлээн авч шийдвэрлэдэг болсон.
Шүүхийн тусгай архиваас иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр олгодог “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан шүүхийн архивын тендерийн тодорхойлолт олгох ажлыг хэрэгжүүлэх явцад иргэн, хуулийн этгээдийн зүгээс тендерийн хугацаагаа буруу тооцон систем хүсэлт хүлээн авч, бүртгэх хугацаанаас хоцрох, Төрийн сангийн дансанд үйлчилгээний хураамж төлчихөөд дараа нь дахин системээр хүсэлт гаргахдаа төлбөрөө давхардуулан төлөх зэрэг алдааг нийтлэг гаргаж байна.
Иймд иргэн, хуулийн этгээд Та бүхэн дараах зүйлд анхаарлаа хандуулна уу.
Тендерт оролцохыг сонирхогч иргэн, хуулийн этгээд Шүүхийн тусгай архивын тодорхойлолтыг авахдаа тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө дээрх цахим системээр дамжуулан зааврын дагуу хүсэлт гаргана.
Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn системд байршуулсан бүх тендерт шүүхийн архивын тодорхойлолтыг уг системэээр дамжуулан цахимаар авна.
Зөвхөн уламжлалт аргаар зохион байгуулагдах тендер, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанаас бусад тендер/ Банк, үүрэн холбооны компани, уул уурхайн ххк гэх мэт/-т оролцогчид Шүүхийн тусгай архивын archive@judcouncil.mn цахим шуудангаар хүсэлт, холбогдох материалаа илгээж тодорхойлолт авна.
Шүүхийн тусгай архивын тодорхойлолтыг www.tender.gov.mn системээс цахимаар авах зааврыг энд дарж үзнэ үү.
а. Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн систем ашиглах талаар лавлах бол Төрийн худалдан авах ажиллагааны газрын it@procurement.gov.mn цахим шуудан болон 263014, 263026, 267023 дугаарын утсаар,
б. Шүүхийн тусгай архивын үйлчилгээтэй холбоотой асуудлаар мэдээлэл авах бол archive@judcouncil.mn цахим шуудан болон 70007082 дугаарын утсаар холбогдоно уу.
ШҮҮХИЙН ТУСГАЙ АРХИВ