Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.30) хуралдаан 10 цаг 19 минутад 15 гишүүн ирцэд бүртгүүлснээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр боллоо.
Хуралдааны Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав. Улсын Их Хурал 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад буюу нийт зургаан удаа Өршөөл үзүүлэх хуулийг баталж байжээ. Анхны ардчилсан сонгууль зохион байгуулагдаж, Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хуульд зарим этгээдэд захиргааны буюу зөрчлийн шийтгэлээс хамтад нь чөлөөлж байсан аж.
Хорих анги, байгууллагад 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн байдлаар хоригдож буй 4154, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1200, баривчлах шийтгэл эдэлж байгаа 104, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авагдсан 4529, нийт 9987 ялтан, хоригдсон этгээд байгаа юм байна. Нэг хүний өдрийн хоол хүнсэнд 6000-8000 төгрөг зарцуулдаг болохыг танилцуулгад дурдав. Хорих анги, байгууллагуудын хувьд олон хүн нэг байранд төвлөрөх, хяналт тавьж буй албан хаагчид нийгмийн харилцаанд оролцож, халдвар авах, тээх эрсдэлтэй тул коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд богино хугацаанд олон хүнийг хамран тархах, улмаар жирэмсэн болон нярай хүүхэдтэй эмэгтэйчүүд, биеийн дархлаа сул, архаг хууч өвчтэй, өндөр настай хоригдол, баривчлагдсан этгээд хүндээр өвчилж, амь насаа алдах аюултай нөхцөл бүрдэх болзошгүй байгааг мөн танилцууллаа.
Торгох ялаар 1664, нийтэд тустай ажил хийх ялаар 548, зорчих эрхийг хязгаарлах ялаар 22, эрх хасах ялаар 1448 тус тус шийтгэгдэж, нийт 3682 этгээдэд хяналт тавьж байгаа бөгөөд тэдгээрээс өршөөлд хамруулахгүй, гэмт хэрэг үйлдэж, торгох ял шийтгүүлсэн 117, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 6, эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн 2, нийт 125 ялтан байгаа юм байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2483, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлтийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 165, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 39, хөрөнгө орлогыг нь хураах албадлагын арга хэмжээ авагдсан 412, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 3, нийт 4529 этгээдэд хяналт тавьж байгаа гэв.
Зөрчлийн тухай хууль хэрэгжих хугацаанд тухайн жилд бүртгэгдсэн нийт зөрчлийн 95-аас дээш хувийг цагдаагийн байгууллага харьяалан шийдвэрлэсэн бөгөөд бүртгэгдсэн зөрчлийг зүйл, хэсгээр нь авч үзвэл 6.696.529 буюу 93 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил аж. 257.071 буюу 3.5 хувь нь олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан зөрчил юм байна. 18.238 буюу 0.2 хувь нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчсөн бол 30.406 буюу 0.4 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, тогтоомж зөрчсөн зөрчил эзэлж байгаа бол 14.715 буюу 4.4 хувь нь танхайрах зөрчил, 2681 буюу 0.03 хувь нь Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн, 280.907 буюу 3.8 хувийг нь бусад төрлийн зөрчил эзэлж байгаа гэх тоон мэдээллийг мөн төсөл санаачлагч илтгэлдээ танилцуулсан.
Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны эхний таван сарын байдлаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 6.154.933 удаагийн зөрчилд бэлэн бусаар 168 тэрбум 948 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 3.035.324 удаагийн зөрчилд оногдуулсан 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу оногдуулсан 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 6.1 сая зөрчил бүртгэгдсэн бөгөөд тухайн зөрчлүүдэд 168 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан боловч өнөөдрийн байдлаар 73 тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй байгаа юм байна. Дээрх хуулийн дагуу оногдуулсан торгуулийн шийтгэл цар тахлын өнөө үед ажлын байраа алдсан, орлого нь буурсан иргэд, санхүүгийн үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдэд дарамт болж, торгуулийн төлбөр төлөгдөхгүй, шийдвэр гүйцэтгэл биелэгдэхгүй байх шалтгаан болж байгаа гэж үзсэн байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа өршөөлд хамруулахгүй болон ялаас хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож оногдуулсан болон биечлэн эдэлсэн хорих болон хорихоос өөр төрлийн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөхөөр тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцууллаа. Ялаас өршөөхөд ялтан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон гэмт хэргийн хохирлын тодорхой хувийг нөхөн төлж, бусад хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, өршөөлд хамруулахгүй болон ялаас хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зааснаас бусад хөнгөн гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн 6.7.1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дэх зүйлд заасан журмын дагуу тэнссэн, 7.6 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийдэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 8.6 дугаар зүйлд заасан өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийдэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгохоор төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгасан байна. Түүнчлэн Эрүүгийн хуульд зарим гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн хоригдлын оногдуулсан ялаас, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасахаар тусгасан бөгөөд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан болон торгох ялын 15 нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын 1 өдрийг хорих ялын 1 хоногоор тооцож, ялтны ялаас дүйцүүлэн хасах юм байна.
Өршөөлд хамруулахгүй гэмт хэргийг тодорхой тусгаж, хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамруулахгүй гэв. ФАТФ-аас Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулсантай холбогдуулан Европын холбооны хар жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулж байсан. Монгол Улс дээрх хоёр жагсаалтад дахин орохгүйн тулд ФАТФ-ын зөвлөмжийн 3, 5, 35 болон шууд хэрэгжилтийн 7-д нийцүүлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг зэрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахгүй байхаар зохицуулсан гэв. Өршөөлд хамруулахгүй зааснаас бусад зөрчил үйлдэж, оногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг нэг удаа өршөөн чөлөөлөхөөр, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор төсөлд тусгасан гэв.
Хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1, 4.2, 4.3, 4.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамруулахгүй байхаар хууль хэрэглэх журмыг тусгажээ. Мөн 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачийн Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээхээр төсөлд тусгажээ. Тус хууль нь 2017 оны долдугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутыг хүртэлх хугацаанд 2002 онд баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө, 2015 онд баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарах бөгөөд өршөөлд хамруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх шатанд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгалаа.
Хуулийн төсөл батлагдвал 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын ялыг зорчих эрхийг хязгаарлахаар солих, 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасах, өсвөр насны 25 хүн, нийт 1013 хоригдол хамрагдаж, 3129 хоригдол хорих анги, байгууллагад үлдэх юм байна. Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2483, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлтийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 160, нийт 39156 этгээд хамрагдах юм байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, Х.Нямбаатар сайдаас хариулт авав. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат нарын гаргасан, төслийн хэлэлцэх эсэхийг хаалттай хуралдаанаар хэлэлцэх горимын саналыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 11 нь дэмжлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Хэлэлцэх асуудлын шинж байдал, гишүүдийн саналыг харгалзан асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.3-т заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно” гэж тус тус заасан, санал хураалтын дүнд үндэслэн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг хаалттай хуралдаанаар хэлэлцэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.