Эмч, эмнэлгийн ажилтнуудын үндсэн цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж, түр хороо байгуулж засгийн газар шаардлага хүргүүлж байгаа талаар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооноос мэдэгдлээ.
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа ”Дэлхийд дахинд халдвар тархаж эхэлсэнтэй холбоотойгоор бид хоёр жилийн хугацаанд тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд 2000 гаруй эмч, ажилтнууд халдвар авсан. Эдгэрч, ажилдаа орохдоо ядарч туйлдаж байна. Өөрөөр хэлбэл, эмч, эмнэлгийн ажилтнууд сөхрөх гэж байна. Монголын 56 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл өнөөдөр цуглаж, үндсэн цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж, түр хороо байгуулж засгийн газар шаардлага хүргүүлнэ.
Манай салбар хүний нөөцийн хомстолд орсон. Энэ нь Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө өвдөж байна. Зургаадугаар сарын 21-нд удирдах албаныхантай уулзаж, тулгамдаж буй асуудлаа хэлсэн. 2020 оноос л энэ асуудлыг ярьсан.
Зөвхөн улаан бүсэд ажиллаж буй хүмүүст 2 сая төгрөг олгоно гэсэн. Нийт салбарынхны 50 хувьд нэмэгдэл олгож, аргацааж байгаатай санал нийлэхгүй. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 90 гаруй хувь нь зээлтэй. Тэд халдвар авч гэр бүлийнхэндээ тараах явдал байна. Бүх эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна” гэлээ.
Б.Ирээдүй