Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын урилгаар манай оронд ажлын айлчлал хийж байгаа Оросын Холбооны Улсын Цэргийн Ерөнхий прокурорын бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар, БХЯ-ны хуулийн зөвлөх, хурандаа Г.Энхболд, ЗХЖШ-ын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Н.Нямжаргал, Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн Ерөнхий прокурор Петров Валерий Георгиевич, Дорнод цэргийн тойргийн прокурор, дэслэгч генерал Заряев Сергей Александрович болон албаны бусад хүмүүс байлцав.
Уулзалтаар ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг “Аль ч улсын Зэвсэгт хүчинд бие бүрэлдэхүүн хамгаас чухал. Та бүхний үйл ажиллагаа энэ чиглэлд асар их ач холбогдолтой. Манай улс 1993 онд Цэргийн прокурорын газраа татан буулгасан. Бид эргэн сэргээхийг хүсэж байгаа бөгөөд энэ талаар Ерөнхий прокурорын газартай үр дүнтэй харилцаа тогтоохыг хичээж байгаа. Оросын Холбооны Улсын Цэргийн прокурорын Ерөнхий газар нь Зэвсэгт хүчнийхээ сахилга бат, дэг журмыг хариуцдаг гэдгийг бид сайн мэднэ. Мөн энэ хүрээнд та бүхэн манай улсын холбогдох байгууллагуудтай сургалт явуулж байгаад талархаж байна. Цэргийнхнийг цэргийн прокурор л сайн ойлгоно” гэдгийг онцолсон.
Үүний хариуд Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн ерөнхий прокурор Петров Валерий Георгиевич “Манай хоёр улсыг найрамдалт харилцаа нь холбож байдаг. Энэхүү найрамдал, нөхөрлөл нь Халхын голын байлдаанд дайсныг ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Өчигдөр Оросын Холбооны Улсын Элчин сайд Азизовтой ярилцахад Халхын голын байлдааны тухай кино хийж байгаа тухай бидэнд мэдээлсэн. Мөнгө санхүүгийн хувьд жаахан бэрхшээлтэй байгаа гэж байна. Миний бие эргэж очоод ивээн тэтгэгчийг хайх ажилд туслах бодолтой байна. Манай хоёр улсын түүхт, хамтын ажиллагаа Дэлхийн хоёрдугаар дайны үед улам батажсан. Танай улс, ялангуяа Монгол Улсын Зэвсэгт хүчин түрэмгийлэгчидтэй тэмцэхэд тусалж, найдвартай ар тал нь болж байсан. Монголчуудын хөрөнгөөр байгуулсан “Хувьсгалт Монгол” танкны бригад Берлин хүрсэн. Монголоос нийлүүлж байсан арьс үс, ширэн бүтээгдэхүүн ихээхэн алдартай байлаа. Зөвлөлт Холбоот Улсын үед танайд манай олон мэргэжилтэн ажиллаж байсан. Сүүлийн үед хоёр орны харилцаа улам бүр хөгжиж байгаа бөгөөд боловсон хүчин бэлтгэх гээд бүхий л талаар туслахад бид бэлэн байна. Мөн өөрийн харьяаны сургуулиудад эрдмийн зэрэг, цол хамгаалуулах талаар ч дэмжлэг үзүүлж болно” гэдгээ илэрхийлсэн юм.
Энэхүү уулзалтын дараа “Цэргийн албаны эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэх, ажиллагааны онцлог, урьдчилан сэргийлэх ажил” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Сургалтад Батлан хамгаалах яамны хуулийн зөвлөх, хурандаа Г.Энхболд, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар туслах М.Чинбат, Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн Ерөнхий прокурор Петров Валерий Георгиевич болон Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, Хил хамгаалах Ерөнхий газрын холбогдох албан тушаалтан, хуулийн офицерууд оролцсон ба хоёр улсын Ерөнхий прокурорын газрын холбогдох албан тушаалтнууд “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, шийдвэрлэх байдал”, “Шүүхийн өмнөх шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь цэргийн прокурорын хяналт” сэдвээр хичээл заалаа.
Эх сурвалж: “Соёмбо” сонин