Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, Ажиллагааны удирдлагын газар, Хэвлэл мэдээллийн алба, Зэвсэгт хүчний 310 дугаар анги хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Энхийн төлөө цогцолбор” хөшөөний дэргэд 100 ширхэг нарс мод тарилаа.
Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд хамтран үүрэг гүйцэтгэсэн үндэсний дөрвөн аж ахуйн нэгжээс орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойд бэлэг болгон 100 нарсны суулгац гардуулсныг өнөөдөр ийнхүү хөрсөнд нь суулгаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх ногоон төглийг нэмлээ.
Энэ талаар “Арц суварга” компанийн захирал, Монгол Улсын гавьяат барилгачин Ш.Алтансүх “Өнөөдөр их сайхан өдөр болж байна. Бид саяхан л Зэвсэгт хүчнийхэнтэйгээ хамтраад Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр хүрз бариад Дорноговь аймаг явж байсан бол өнөөдөр “Бидний ажил амжилттай явагдаж чадсан шүү” гээд бүтээн байгуулалтаараа бахархан бас л хүрз бариад мод тариад зогсож байна. Үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Зэвсэгт хүчин нэгдсэн зохион байгуулалттай, сахилга бат, дэг журамтай, ажлын гүйцэтгэл өндөр гэдгийг өөрийн биеэр харсан иргэний хувиар бахархаж явдгаа хэлмээр байна. Олон зуун жилийн баатарлаг түүхтэй орчин цагийн Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойд зориулж төмөр замын бүтээн байгуулалтад хамтран оролцогч 4 аж ахуйн нэгжийн 4 гавьяат барилгачдаас сэтгэлийн хандив өргөж, модны суулгац бэлэглэсэн юм” гэсэн юм.
Мөн Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга, Монгол Улсын гавьяат барилгачин, хурандаа Ц.Ганхөлөг “Зэвсэгт хүчин сүүлийн жилүүдэд Засгийн газрын тогтоолын дагуу томоохон бүтээн байгуулалтад оролцож байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдсан газрын тос боловсруулах үйлдвэрийн авто зам, Дорнод аймгийн Халхгол суманд баригдсан “Шинэ сум” төслийн барилга, угсралтын ажлын туслан гүйцэтгэгчээр, 2019 оноос Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын доод бүтцийн ерөнхий гүйцэтгэгч, дээд бүтцийн туслан гүйцэтгэгчээр ажилласан. Энэ хугацаанд үндэсний 100 гаруй аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан хамтран ажилласан. Өнөөдөр “Энхийн төлөө” цогцолборт хамтран ажилласан аж ахуйн нэгжийн төлөөлөлтэйгөө хамтран сайхан төгөл бүтээлээ. Их баяртай байна” гэжээ.