Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) Төв Азийн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжин хөгжүүлэх зорилго бүхий Удирдах зөвлөлийн анхны хурлыг зохион байгууллаа
ЕСБХБ нь Төв Азийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг бодлогоор дэмжих үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна
Монгол Улсын Жендэрийн үндэсний хорооны дэргэд шинээр байгуулагдсан Удирдах зөвлөл нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав
ЕСБХБ-аас хэрэгжүүлж буй Төв Азийн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” хөтөлбөр нь эмэгтэйчүүд бизнес эрхлэх, бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх, санхүүгийн хүртээмж, үйл ажиллагааны чадавхи болон бодлогын асуудлаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор Монгол Улс, Киргиз Улс, Тажикистан, Узбекистан зэрэг улс оронд хэрэгжиж байгаа бөгөөд эмэгтэй удирдлагатай ЖДҮ-д үзүүлж буй бодлого болон зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. ЕСБХБ-ны Төв Ази дахь хөтөлбөрийг We-Fi Эмэгтэй Бизнес Эрхлэгчдийн Санхүүгийн Санаачилга байгууллага санхүүжүүлдэг байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжин хөгжүүлэх Удирдах зөвлөлийг 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны даргын тогтоолоор байгуулсан болно. Энэхүү Зөвлөлийн бүрэлдэхүүнд төр, хувийн хэвшил, олон улсын хандивлагч болон хөгжлийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид орсон байна.
Эмэгтэйчүүд бизнес эрхлэх, эдийн засгийн чадавхитай болоход саад бэрхшээл болж буй хөрөнгө оруулалтын орчны хүчин зүйлсийг тодорхойлох, оролцогч талуудад зориулж бодлогын зөвлөмж гаргахад ЕСБХБ-аас боловсруулсан Жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын орчны үнэлгээ хийх (GRICA) аргачлалыг ашигласан болно.
Шинээр байгуулагдсан Удирдах зөвлөл нь Жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын орчны үнэлгээний үр дүнг хэлэлцэж, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжин хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Удирдах зөвлөлийн ажиллах журмыг батлав.
Удирдах зөвлөл нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, өмчлөлтэй холбоотой асуудлыг сайжруулах, хязгаарлалт, бэрхшээлийг тодорхойлох, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тогтоох, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эрх бүхий байгууллагууд болон бусад оролцогч талуудын холбогдох үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор нийт оролцогч талуудыг нэгтгэн зохион байгуулахаар зорьж байна. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд Засгийн газрын бодлого болон хандивлагчдын зүгээс хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслийн уялдаа холбоог хангаж, ил тод байдлыг сайжруулан бодлого боловсруулахад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх болно.