Финляндад суурь орлогын туршилтад оролцсон 2000 оролцогч эхний хагас жилийнхээ хугацаанд төрөөс ямар ч нөхцөлгүйгээр байнгын тэтгэмж аваад амьдарч үзжээ. Суурь орлогын санаа олон хүний анхаарлыг татаж байв. Одоогоор дэлхийд нэг ч улс орон даяараа энэхүү тогтолцоог хэрэглэж зориглоогүй байгаа ч сүүлийн жилүүдэд ийм туршилт энд тэндгүй явагдах болжээ.
Танья Кауханен сэтгэлээр ихэд унажээ. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоол дээр машинаа тавиад хэдхэн минут болоход 50 еврогийн торгуулийн хуудас хүлээн авчээ. Тэрбээр “Би хаана тавьснаа мэдсэнгүй. Ямар азгүй юм бэ” хэмээн ярьж байна.
50 евро гэдэг ямар ч хүнд ийм мөнгө. Таньягийн хувьд ч ялгаагүй. Тэрбээр Финляндын хойд хэсэгт орших Оулу хотын ажилгүй иргэн. Өдгөө 30 настай хэрнээ амьдралдаа хагас жил ч ажиллаж үзээгүй нэгэн юм. Танья ажилгүйдлийн тэтгэмж хэмээн 600 орчим евро авдаг. Өөр нэгэн тэтгэмжийн завхарсан систем ч бий. Гэхдээ аль ч тохиолдолд тэр бодит мөнгө авч байгаагүй юм. Танья их сургуульд гурван удаа суралцаж, гурван диплом авсан бөгөөд оюутны амьдралдаа асар их өр тавьжээ.
Харин өнгөрсөн оны сүүлчээр Таньяд анх удаа аз дайрсан вм. Тэрбээр суурь орлогын туршилтад оролцох 2000 ажилгүй иргэний тоонд багтжээ. Ингээд энэ оны нэгдүгээр сараас эхлэн сар бүр 560 евро авч эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ бол тэтгэмж юм. Гэхдээ нэг ялгаатай нь Кауханен ажил оллоо ч энэ тэтгэмжээ хасуулахгүй. Ажил хайхгүй байсан ч хасагдахгүй.
Финляндын туршилт юуг харуулах вэ?
Эндхийн нийгмийн халамжийн систем маш чанга. Ажилгүй иргэн бүр хөдөлмөрийн зах зээлд гарахын тулд юу хийснээ нарийн тоочдог дүрэмтэй. Финляндын тэтгэмжийн KELA байгууллага ажилгүйчүүдэд ажлын байр санал болгодог бөгөөд энэхүү саналыг нь хүлээн авахгүй, ярилцлаганд орохгүй байж болохгүй.
Таньяд санал болгож буй ажлын байрууд нь огт таалагддаггүй аж. Учир нь өчүүхэн мөнгө өгдөг хэрнээ үнэхээр уйтгартай ажил. Тэрбээр ярилцлаганд нь очоод, ямар зорилгоор ирснээ шударгаар хэлдэг байна. Ажил олгогчид ч уурлалгүй хүлээн авч, тэтгэмж үргэлжилдэг аж. Энэ бол барууны олонд оронд байдаг асуудал. Финляндад л гэхэд бага цалинтай ажил хийснээс олон жил ажилгүй суудаг байна.
Урхинаас гарах арга
KELA шинэчлэлийн хөтөлбөрийн удирдагч Марьюкка Турунен ийм асуудал байгааг үгүйсгэхгүй байна. Гэхдээ тэрбээр “Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь ажиллах хүсэл нэмэгдэх эсэхийг харах юм” гэжээ. Финляндын нийгмийн халамжийн системийн мөнгө 15 тэрбум евро. Өөрөөр хэлбэл иргэн бүрт суурь орлого өгөхөд хүрэлцэхүйц мөнгө гэсэн үг. Гэхдээ мэргэжлийн холбоодын зүгээс үүнийг эсэргүүцэж байна.
“Биднийг суурь орлогыг дэмжигчдийн хөдөлгөөн санаа зовоож байна. Энэ нь илүү үр дүн муутай, мөнгийг хэтэрхий бага давхаргад хуваарилж байна. Хэрвээ хүмүүст ажил хийхгүй байх боломж олгох юм бол ажил хийх хүн багасч, татварын төвлөрөл буурна. Тэгэхээр нийгмийн хэрэгцээний мөнгө бага болно гэсэн үг” хэмээн нэг сая хүнийг эгнээндээ нэгтгэсэн Финлядын мэргэжлийн холбоодын Төв байгууллагын эдийн засагч Илкка Кауккорант мэдэгджээ.
Цалин багасна
Танья Кауханены хувьд өдрийн ихэнхийг гэрийнхээ ойролцоох хүүхдийн тоглоомын талбай дээр ажилгүй найзуудтайгаа өнгөрөөдөг. Оулуд ажилгүйдэл 16 хувьтай байгаа нь улсын дундаж үзүүлэлтээс хоёр дахин их юм. Таньягийн найзууд дунд ажилгүй, хүүхдүүдийнхээ тэтгэмжээр амьдардаг ээжүүд ч олон бий. “Зарим хүн гэртээ суух нь сайхан санагддаг байх. Харин би ажил хиймээр байна. Өнөөдөр ямар нэгэн зүйл бүтээсэн гэж суумаар байна шүү дээ. Бас нэг ичгэвтэр зүйл нь би одоо 30 настай хэрнээ хамгийн сүүлд хэзээ хоол хүнсээ цуглуулахаар явснаа ч мартчихаж” хэмээжээ. Танья хоол хүнсээ худалдан авдаггүй, үнэгүй олгодог хүнсний бүтээгдэхүүнээс ажилгүй ээж нь авдаг аж.
Одоогийн байдлаар Танья суурь орлогоос огт ашиг хүртээгүй байна. Гэхдээ тэр ажил олгогчидтой ярилцлаганд орох үеэрээ энэ тэтгэмжээ давуу тал болгох гэж үзжээ. “Би тэдэнд “Та нар надад 560 еврогоос бага мөнгө төлсөн ч болно. Энэ мөнгийг тэртэй тэргүй хэн ч авахгүй” хэмээн хэлж үзсэн” гэжээ. Гэтэл түүнд мэргэжлийн холбоодоос болоод цалинг нь багасгаж болохгүй хэмээсэн байна.
Э.МӨНХЗАЯА