Эх орныхоо баруун бүсийн төв Ховд аймгаас зүүн бүсийн төв Дорнод аймаг хүртэлх 2100 км зайг туулахаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 27 дэх өдрөө гүйж байна. Түүнтэй өнөө өглөө холбогдож, төсөрхөн ярилцлага авлаа.
-Сайн явж байна уу, Та яг одоо хаана гүйж байна вэ?
-Сайн явж байна. Бие хаа, хөл, гар ямар ч ядралгүй сайхан явж байна. Яг одоо Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нутагт өглөөнийхөө гүйлтийг хийгээд дуусаж байна. Өнөөдөр 11 цаг гэхэд 1137 дахь км замаа туулаад байна. Үдээс хойших гүйлтээр 1160 км замыг туулчихна.
-Өвөрхангай нутгийнхан таныг ихэд хүндэтгэлтэй угтаж уу?
-Тийм ээ, Зэвсэгт хүчний 256 дугаар анги, Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 113 дугаар рот, орон нутаг дахь Залуучуудын холбоо болон “Монос” хүнс, “Шунхлай” төв, “Хаан” банк, “Чин мэнд” хувийн эмнэлгийн хамт олон их сайхан хүлээж авч, амжилт хүслээ. Тэд маань голдуу замд хэрэгцээтэй хүнс, амин дэм, витамин, бусад шаардлагатай хэрэгслээр тусалж “Зорьсон газартаа заавал очоорой, танаар эх орон нь бахархаж байгаа шүү” хэмээх сайхан үг хэлж, урам хайрласан.
-27 хоног тасралтгүй гүйнэ гэдэг аавын хүү бүрийн чадах ажил биш. Ядрал, цуцалт нь гайгүй юу?
-Зүгээр ээ. Гайгүй байх шалтгаан нь дэмжлэг үзүүлэх багийн хамт олон сайн байгаагийн шинж. Ханийнхаа гарын хоолыг идэж, өглөө, оройнхоо гүйлтийн дараа эмчээрээ хөл, гартаа бариа хийлгэж, жолоочоор яваа хадам ахынхаа заавар, зөвлөгөөг баримталж байгаа учир энэ их урт замд ажрахгүй гүйж байна. Яах вэ, хүний бие робот биш учраас цаагуураа ядралт явагдаж байхыг үгүйсгэхгүй. Өвөрхангай аймгийн “Чин мэнд” хувийн эмнэлгийнхэн намайг эрүүл мэндийн бүрэн хэмжээний үзлэгт хамруулсан. Эрдэс бодис, бөөрний үйл ажиллагаа гээд л. Тэгэхэд биеийн үйл ажиллагаа хэвийн байна гэсэн шинжилгээний хариу гарсан.Энэ завшаанд “Чин мэнд” хувийн эмнэлэг болон надад тусалсан, дэмжсэн, урам хайрласан Зэвсэгт хүчний мөрдэс нэгт нөхөд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, тээвэрчин хамт олондоо талархаж байгаагаа үүгээр уламжилъя.
-Та анх Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэлх гүйх байснаа саяхан Дорнод болгосон. Энэ тухайд?
-Миний зорилт 7 дугаар сарын 10-ны өдрийн “Төрийн далбааны өдөр”-ийн цэргийн ёслолын жагсаалын дараахан жанжин Д.Сүхбаатарын талбайд очих байсан. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас цэргийн ёслолын жагсаал цуцлагдсан гэдгийг сонсоод “Заавал Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүйгээр Дорнод аймаг хүртэл гүйе” гэж зорьсон. Шалтгаан нь бидний өвөг дээдэс цусаа хайрлалгүй энэ сайхан уужим нутгийг бидэнд үлдээсэн байхад би хөлсөө хайрлахгүй гүйх ёстой гэсэн том зорилго тавьсан. Ямар уужим, агуу сайхан нутаг юм бэ гэдгийг гүйж явахдаа үнэхээр мэдэрч байна. Бие хаа, сэтгэл санаа үүнд бэлэн байгаа учир ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэд хүсэлтээ илэрхийлж, ЗХЖШ-ын даргад уламжлуулсан. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг “Манай ахлах ахлагчийн бие хаа, сэтгэл санаа бэлэн гэвэл бид дэмжинэ. Хичээж байгаа хүний дэргэд дэмжиж, урамшуулах хамт олон заавал байх ёстой” гэсэн сайхан хариулт өгсөн байна лээ. Ингээд би Улаанбаатар хотоор дайран өнгөрч, Дорнод аймаг руу гүйх болсон. Нэгэнт миний бариа Улаанбаатар хот биш учраас өдөрт 43-50 км замыг шахаж гүйж байна. Улаанбаатар хотод 7 дугаар сарын 5-ны өдөр гэхэд оччих байх гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Энэ цаг үед нийт нутгаар халж байна. Халуунд гүйхэд амаргүй байна уу?
-Ямар ч асуудалгүй. БНӨСУ-ын тэр их халуунд дуулга, буутай үүрэг гүйцэтгэж байсан надад одоо ус үүрсэн цүнхнээс өөр ачаа алга. Хүмүүс надаас асууж байна л даа. Та “Зэвсэгт хүчнийхээ өмнөө барьдаг мэргэжлийн тамирчин уу?” гэж. Тэгэхээр нь би хэлдэг юм. “Би уралдаан тэмцээнд төдийлөн оролцож байгаагүй жирийн нэгэн албан хаагч. Манай Зэвсэгт хүчинд мэргэжлийн тамирчин маш олон байгаа. Өнөөдрийн гүйлт Зэвсэгт хүчний жирийн нэгэн алба хаагч ямар их тэсвэр хатуужил, эр зориг гаргаж чаддаг бэ гэдгийг өөрөөрөө харуулахыг зорьж явна аа. Над шиг мянга мянган офицер, ахлагч миний ард байгаа” гэж хэлдэг юм. Гүйж эхэлсэн 27 хоногийн хугацаанд Зэвсэгт хүчний алба хаагчид нэгэндээ ямар их хайртай, амь нэгтэй байдаг вэ гэдгийг мэдрээд сайхан байна. Энэ ташрамд, өдөр тутамдаа мэргэжлийн дэмжлэгээр хангаж байгаа Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагадаа баярлаж буйгаа илэрхийлье. Намайг дэмжиж байгаа хэн бүхэнд хэлэхэд эх орны хүү нь та бүхнийхээ итгэлийг алдахгүй ээ, зорьсон газраа заавал хүрнэ ээ.
Ахлах дэслэгч Д.Болормаа