[starbox]
-Катарын хориглолт дэлхийн гелийн зах зээлд нөлөөлж эхлэв-
Дэлхий дахины эрдэмтэд, анагаахын салбарынхан Катар Улсаас нийлүүлдэг гели хэмээх бодисоос болж ажлаа зогсоож болзошгүй байна. Энэ бодисыг хэрхэн үйлдвэрлэж, хэрхэн нийлүүлдэг, хаана ашигладаг вэ?
Катар улсыг тойрсон улс төрийн хямрал Ойрхи Дорнодын бүсэд улс төрийн тогтворгүй байдал үүсгээд зогсохгүй хэд хэдэн гэнэтийн асуудал үүсгэж мэдэхээр байна. Тус улсад эдийн засгийн хориг тавьсан нь дэлхий дахины олон эрдэмтэнд нөлөөлж эхэлжээ.
Хямрал эхэлсний дараахан буюу зургаадугаар сарын эхээр Катар улсын засаг захиргаа гели үйлдвэрлэдэг хоёр үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоожээ. Эдгээр үйлдвэр нь “Qatar Petroleum” төрийн өмчит корпорацийн охин компани болох “RasGas” компанид харьяалагддаг. Үйлдвэрүүдийг хаасан нь хуурай замын хилийг хаасантай холбоотой гэнэ. Шинжээчдийн үзэж буйгаар тэнгисийн контейнер, хийн агууламжууд дүүрсэн учраас үйлдвэрлэлээ зогсоосон гэжээ.
Үүнээс гадна гелийн экспортыг богино хугацаанд зогсооход дэлхийн зах зээлд огтхон ч нөлөөлөхгүй аж. Харин Дохагаас шууд тэнгисийн боомтуудаар дамжуулан шууд нийлүүлбэл үнэ өсөх, техникийн хүндрэл гарах зэрэг шинэ эрсдэл учрах юм байна. Гэхдээ хямрал сар гаруйн хугацаагаар үргэлжилбэл дэлхийн гелийн зах зээл дээр томоохон цохилт болно.
“Гели бол энэхүү хориглолтод хамгийн ихээр өртөх цорын ганц түүхий эд юм. Катар улс дэлхийн гелийн гол нийлүүлэгч” хэмээн Америкийн “Kornbluth Helium Consulting” зөвлөх үйлчилгээний газраас анхааруулжээ. Катарт хаагдсан хоёр үйлдвэр нь жил бүр хоёр тэрбум шоо фут гели үйлдвэрлэдэг аж. Тус улс дэлхийн гелийн нийлүүлэлтийн 25-30 хувийг дангаараа хангадаг байна. Харин гели нийлүүлэгч хамгийн том улсын тоонд АНУ ордог.
Дэлхий дахинд гелийн хэрэглээ Азийн орнуудын аж үйлдвэрийн өсөлтийг дагаад өдгөө нэмэгдэх төлөвтэй байна. гэтэл Америкт түүнийг нефть, хийн ордуудад боловсруулах нь багассанаас болж нөөц нь хомсдож байгаа аж. Тус улс саяхнаас Катараас хий импортолж эхэлжээ. АНУ-аас гадна Алжир, Орос, Канад, Хятад улс гели үйлдвэрлэдэг.
Тэгвэл гели хэр чухал элемент вэ? Гели бол өнгөгүй, үнэргүй инертийн хий бөгөөд хүмүүсийн нүдэнд үлээдэг бөмбөлгөөр л төсөөлөгддөг. Харин түүний шинжлэх ухаан, техник, аж үйлдвэр зэрэг олон салбар дахь хэрэглээг дутуу үнэлэх аргагүй. Уг элементийг эрдэм шинжилгээний лаборатори, эмнэлэг, хагас дамжуулалтын хэрэгсэл үйлдвэрлэхэд ашигладаг. Гелиг анагаахад цөмийн соронзон резонансын соронзыг хөргөхөд, хийн хроматографи, спектроскоп зэрэгт хэрэглэдэг.
Манай дэлхийн гелийн нөөц 3.8 тэрбум тонн. Агаар мандалд гели 5.22 сая нэгж концентрацитай байдаг тул агаараас авахад нь бараг боломжгүй юм. Зуун жилийн өмнө гелийг цэргийн зориулалтаар тэсрэх аюултай устөрөгчийг орлуулах маягаар хэрэглэдэг байсан бол 1960 онд АНУ сансрын “Аполлон” пуужинд ашиглажээ.