Сангийн сайд Б.Жавхлан “Ковид-19” вирусын халдвар авч, эмчилгээ хийлгэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудсараа мэдэгдсэн байна. Түүний биеийн байдал хөнгөн байгаа гэнэ.
Тэрбээр “Миний бие өнгөрөгч 7 хоногт Ковид-19 шинжилгээгээр эерэг гарч эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна.
Одоогийн байдлаар шинж тэмдэг хөнгөн байна. Амт үнэр хэвийн, биеийн халуун хэвийн. Ямар ч байсан 10 хоногийн эмчилгээний хугацаандаа мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвөлгөөг дагаж эмчлүүлэхээс гадна Төрийн ажил маань цахимаар саадгүй явж байна.
Миний хувьд БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины 2 дахь тунгаа 4 сарын 20-нд хийлгэсэн бөгөөд, практикаас харахад 2 тунд хамрагдсан иргэд хаоьцангжй хөнгөн тусч, эдгэрч байгааг онцолж байна.
Монгол Улсын Засгийн газраас Коронавируст цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, тус салбарын НЭН ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТ-ийг шийдвэрлэх, хүнд үеийг хамтдаа даван туулахын төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгаа бөгөөд манай улс Вакцин нийлүүлэлт, худалдан авалтын хувьд огтхон ч тасалдал үүсгээгүй ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцинуудыг татан авч байгаа болно.
Мөн өнөөдрөөс /2021.06.28/ 12-15 насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулж эхэлж байна.
Та бүхэн минь хайртай гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхөд, хамт олноо цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвөлгөөг ягштал биелүүлж, вакциндаа хамрагдахыг ахин УРИАЛЖ байна.
#ТАЛАРХАЛ
Цар тахлын хүнд үед ачааны хүндийг үүрч, голомтод ажиллаж байгаа Эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа сэргийлэх, хил, гаалийн шат шатны байгууллагын ажилтан албан хаагч, эрдэмтэн судлаачид та бүхэндээ мөн цар тахлын эсрэг дэмжлэг үзүүлж бай хөгжлийн түнш орнууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье.
#ЗӨВЛӨМЖ
Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөн, ямарваа шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Та өөрийгөө тусгаарлаж, цаг алдалгүй заавал мэргэжлийн байгууллагад хандаарай.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын ЖАВХЛАН” гэжээ.
Б.Ирээдүй