Зургийн эх сурвалж: Зариг.мн
Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Цагаан тохой гэдэг газар замын хажуу руу унасан харамсалтай орсол энэ сарын 24-ны 20:40 цагийн орчимд болсон талаар бид өчигдөр мэдээлсэн.
Орхон аймагт усархаг бороо орж, төмөр замын ул шороо угаагдаж төмөр замд гэмтэл гарсны улмаас Салхит өртөөнөөс Эрдэнэт өртөөний чиглэлд 78 дугаар км-т ачааны галт тэрэгний найман вагон замаасаа гарч унасан байна.
Замаас гарч унасан зургаан вагонд нь дизел түлш, нэгд нь масло, нэгд нь элс ачиж явсан байна.
Гурван вагоноос түлш гоожиж байсан тул түлшний асгаралтыг зогсоох, юүлэх, сэргээн босгохоор тус аймгийн Салхит сум дахь Улаанбаатар төмөр замын Аврах анги, Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Төмөр замын цагдаагийн тасаг, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны алба хаагчид ажилласан байна.
Мөн Зам тээврийн хөгжлийн яамны хоёр ажилтан болон Улаанбаатар төмөр замын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг ослын газарт ажиллаж байгаа аж.
Өнөө өглөөний 06:00 цагийн байдлаар зургаан вагоныг босгон 360 тонн түлшийг юүлж дуусгасан байна.
Харин нэг вагоны 60 тонн техникийн тосыг юүлэхээр албаныхан ажиллаж байгаа бөгөөд эвдэрсэн төмөр замыг сэргээн босгох ажиллагаа мөн үргэлжилж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Улаанбаатар төмөр зам болон Зам тээврийн хөгжлийн яамнаас одоогийн байдлаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.
Асгарсан түлшний хэмжээ, хохирлын хэмжээ одоогийн байдлаар тодорхой бус байгаа бөгөөд түлш асгарсан орчныг аюулгүй болгох үүднээс элс асгасан гэх мэдээлэл байна.
Осолдсон вагонд НИК ХХК-ийн түлшийг тээвэрлэж явсан бөгөөд түлшний хэмжээ нь 440 тонн байсан тухай Зариг.мн сайт мэдээлсэн байна. Тус сайтын сурвалжлах баг ослын газраас шууд дамжуулалт хийж байгаа юм байна.
Н.Батаа