Дуут дохио ашиглан, өөрийгөө Хууль зүйн яамны мэргэжилтэн байна, тусгай ажилд явж байна хэмээн бусдын өөдөөс том дуугарч, онгирч, сагсуурч буй залуугийн бичлэг сошилад тавигдаж, олны анхааралд өртсөн.
Тэгвэл энэхүү залуу нь Хууль зүйн яам болон цагдаагийн байгууллагад харъяалагддаггүй талаар ЦЕГ-аас мэдэгдэл гаргасан байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү https://updown.mn/161730.html
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн а/292 дугаар тушаалын хавсралаар баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэж журам”-д тусгай дуут болон гэрлэн дохиог хэрэглэх байгууллагыг тодорхой зааж өгчээ.
1.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэнэ.
Замын хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хуулиас…
24 дүгээр зүйл.Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж замын хөдөлгөөнд оролцох
24.1.Хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах байгууллага, төрийн тусгай хамгаалалт, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон дохиолол хамгаалал, даатгалын шуурхай алба, хот тохижилт, тусгай зориулалтын чирэгч ачигч, техникийн хяналт болон замын арчлалт, засвар үйлчилгээ, хяналт шалгалтын зориулалттай шуурхай ажлын тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэж замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
2.1.Энэ журмын 1.2-т заасан байгууллагын шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд дараах өнгийн тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэнэ.
Үүнд:
2.1.1.хуулиар төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон албан тушаалтан, иргэн, болон гадаадын өндөр дээд хэмжээний зочдын аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэлд-хөх
2.1.2.цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах шуурхай албаны тээврийн хэрэгсэлд – хөх-улаан;
2.1.3.дор дурдсан байгууллагын тээврийн хэрэгсэлд-улаан:
2.1.3.а.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ялтан хуяглан хүргэх, тусгай ажиллагааны чиглэлээр ажиллах тээврийн хэрэгсэл;
2.1.3.б.шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл;
2.1.3.в.онцгой байдлын албаны гал түймэр, аврах ажиллагааны тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл;
2.1.3.г.гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын тээврийн хэрэгсэл;
2.1.3.д.хилийн цэрэг, зэвсэгт хүчний тэсэрч дэлбэрэх бодис хайж илрүүлэх, түүнийг аюулгүй болгох тусгай бүлэг, цэргийн хээрийн сургалт, дадлагад үүрэг гүйцэтгэхэд цэргийн цувааны хамгаалалт болон цэргийн цагдаагийн бүлгийн тээврийн хэрэгсэл;
2.1.3.е.шүүх, прокурор, авлигатай тэмцэх, тагнуулын байгууллагын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хойшлуулшгүй ажиллагаанд ашиглах шуурхай ажлын тусгайлан тоноглогдсон тээврийн хэрэгсэл;
2.1.3.ё.гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн байгууллагын хүүхдийн тусламжийн үйлчилгээний төвийн хүүхдийн аюулгүй байдлыг хангах шуурхай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгсэл.
2.1.3.ж.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл. /ХЗДХС-ын 2020 оны А/26 дугаар тушаалаар нэмсэн/
2.1.4.хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд – ногоон;
2.1.5.цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон гэрээт харуул хамгаалалт, байгаль орчин, даатгалын шуурхай алба, хот тохижилт, тусгай зориулалтын чирэгч ачигч, техникийн хяналт, замын арчлалт, засвар үйлчилгээ, мэргэжлийн хяналт, гааль, татварын тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэлд–шар.
2.2.Тээврийн хэрэгсэлд ашиглах тусгай дуут болон гэрлэн дохионы ерөнхий шаардлага, тусгай дуут дохионы ноотыг “MNS 4979:2016” Монгол Улсын стандартаар тогтооно.
Н.Чинзориг