Өөрийгөө Хууль зүйн яамны мэргэжилтэн гэж танилцуулан бусадтай зүй бус харьцаж, дуут дохио ашигласан залуутай холбоотой асуудлаар ЦЕГ-аас мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд “Олон нийтийн цахим сүлжээнд өөрийгөө Хууль зүйн яамны мэргэжилтэн байна, албаны тэрэгтэй явж байна гэж танилцуулсан залуугийн талаарх бичлэг бүхий мэдээлэл цацагдсантай холбогдуулан дараах тайлбар залруулгыг хүргэж байна.
Шалгалтын явцад урьдчилсан байдлаар 28 настай, эрэгтэй С гэгч нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 20.00 цаг орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Маршалын замд 0073УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа жолооч иргэнтэй үл ойлголцож, улмаар өөрийгөө Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн, албан ажлаар албаны тэрэгтэй явж байна хэмээн тусгай дуут дохио ашигласан уг үйлдэлд нь Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Зөрчил шалгах хэлтэст холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.
Тухайн асуудалд нэр холбогдогч иргэн С нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон цагдаагийн байгууллагад ажилладаггүй болохыг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв” гэжээ.