Хөвсгөл нуур бол монгол орны цэвэр цэнгэг усны гол нөөц буюу монголын гадаргын цэнгэг усны 70 хувь, дэлхийн гадаргын цэнгэг усны 2 хувийг дангаар эзэлдэг.
Гэвч биологийн болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр цэнгэг усны сан маань бохирдох аюулд ороод байгаа. Сүүлд хийгдсэн судалгаагаар Хөвсгөл нуурийн ёроолд ойролцоогоор 60 гаруй машин живсэн байх магадлалтай гэжээ. Нууранд живсэн машинууд өөрсдийн шатахуунаас гадна бензин, шатахуун тээвэрлэж явсан бөгөөд энэ нь байгаль орчинд ихээхэн эрсдэлийг дагуулдаг. Ирээдүйд үүсэх энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс нуурт живсэн машиныг яаралтай гаргах ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм.
Тиймээс БОАЖЯ-аас 2020-2024 онд Хөвсгөл нууранд живсэн машин, техникүүдийг гарган авах төслийг зохион байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү ажлыг хамтран хэрэгжүүлэхээр ОХУ-ын Элчин сайдын яам болон ОХУ-ын Онцгой байдлын газар зэрэг бусад байгууллагууд хамтран ажиллахаар саналаа ирүүлээд байгаа аж.
Японы эрдэмтэд 2013 онд Хөвсгөл нуурын гүнд живсэн машинуудыг татан авах суурь судалгааны ажлын хүрээнд тодорхой зөвлөмжүүдийг гаргасан байдаг. Тухайлбал, нуурын ёроолд гацсан машинуудын байршлыг тогтоох, эрсдэлгүй гаргах суурь судалгаа хийхэд нэг жил, машинуудыг татан гаргахад нэг жил тус тус зарцуулна гэж тооцжээ. Түүнчлэн нуурын өвлийн улирлын салхины чиг, мөсний хөдөлгөөн зэргээс үзвэл ихэнх машин баруун эрэг рүү шилжсэн байх магадлалтай хэмээх дүгнэлт гаргасан байна.
Монголд тээврийн байгууллага үүсч эхэлсэн 50-аад оны үеэс зарим жолооч нар зам товчлох, бартаа тойрох байдлаар нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж байж. Тухайн үед мөс цөмөрснөөс цөөнгүй машин тэрэг нуурын ёроолд живсэн бөгөөд нуур харьцангуй гүн учир бүх машиныг татан авах боломжгүйн улмаас зарим машин нуурын ёроолд өнөөдрийг хүртэл байсаар байна.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба