Сонгуулийн ерөнхий хороо 16.00 цагт (2017.07.03) хэвлэлийн хурал хийлээ. Ирэх баасан гаригт болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулах ажил хугацаандаа хийгдэж дууссан гэж мэдэгдэв. СЕХ-ны ажилтнууд хоёр ээлжээр 24 цагийн ажиллаж байгаа гэнэ.
Саналын хуудсыг аймгуудад хүргэх ажлыг орон нутгийн нислэгийн хуваарь боломжоос хамаарч хүргүүлж байгаа. Сонгуулийн хэсгийн хороодод сонгогчдын бүртгэл техник тоног төхөөрөмж, санал авах явцын бэлтгэл бүрэн хангагдаж дууссан. Маргааш буюу энэ сарын 4-5-нд гадаадад амьдарч байгаа иргэдээс санал авах ажил эхэлнэ.
Энэ сарын 7-нд сонгуулийн хоёр дахь шатны санал авах ажиллагаа өглөөний 07.00 цагаас 22.00 цаг хүртэл явагдана. Энэ өдөр бүх нийтээр амарна. Иргэд сонгогчид сонгуулийн санал хураалтад идэвхитэй оролцохыг уриалж байна гэж албаныхан мэдэгдэв.
СЕХ өнөөдөр хуралдсан бөгөөд энэ хурлаар Баян-Өлгий аймгийн сонгуулийн үйл явцыг хэлэлцсэн байна. Санал хураалт явагдсан зургадугаар сарын 26-ны шөнө тус аймгийн сонгуулийн хэсгийн хороодоос санал хураалтын мэдээ оройтож ирсэн. Тиймээс энэ удаа Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны даргад сонгуулийн дүн мэдээг хуульд заасны дагуу 7-ны шөнө хурдан шуурхай дамжуулах үүрэг өгчээ.
Энэ үеэр Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга н.Аманбек мэдээлэл хийв. Тэрбээр:
-Өнгөрсөн сонгуулийн үеэр Баян-Өлгий аймгийн сонгуулийн 20 орчим хэсгийн хороо дүн мэдээгээ хоцорч өгсөн. Аймгийн хэмжээнд 89 сонгуулийн хэсгийн хороо ажилласан. Баян-Өлгий аймгийн хэмжээнд 21 хэсгийн хорооны мэдээ саатсан. Сая техникийн тооллого хийхэд энэ 21 хэсгийн 9 нь тооллогод хамрагдсан. Тэдний нэг нь Цэнгэл сумын 185 хэсэг. Сумын төвөөс 180 км хол, Алтай таван богд, Цагаан голын рашааны ойролцоо байдаг энэ хэсгийн хороо замын бартаатай газар байрладаг. Сумын төв рүү 6-7 цаг явж ирдэг. Мөн Улаанхус сумын хэсгүүд 120 км алс, 4-5 цаг явж хүрдэг. Сагсай сумын 163, 164, 168 хэсэг мөн сумаас 180 гаруй км алс. Санал хураалтын өдөр Баян-Өлгий аймагт бороо орсон нь мэдээг сүлжээгээр дамжуулах боломжийг хязгаарласан гэв.
Мөн тус аймгийн 89 хорооны 47 хэсгийн хороонд хийсэн хяналтын тооллогын мэдээ зөрөөгүй. Баян-Өлгий аймаг 39255 сонгогчтой. Сонгуульд оролцсон сонгогчдын 19332 нь буюу нийт сонгогчдын 49.25 хувь нь МАН-аас нэр дэвшигчид, 14218 нь буюу 36.22 хувь нь АН-аас нэр дэвшигчид, 5205 нь буюу 13.26 хувь нь МАХН-аас нэр дэвшигчид санал өгсөн. Огт тэмдэглээгүй 500 гарсан гэж мэдээллээ.
Баян-Өлгий аймгийн 89 хэсгийн хорооны 42 нь 26-ны шөнө Сонгуулийн хуульд заасан хяналтын тооллогод хамрагдсан бол сая үлдсэн 47 хороо нь хамрагдсан байна. Мэдээллийн төгсгөлд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн улс төрийн намууд зарим хувь хүмүүст хандан хуулиас давсан эрх эдэлж, Сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хорооны бие даасан байдалд халдсан үйлдэл хийхгүй байхыг зөвлөв. Мөн иргэдийн санал өгөх эрхэд халдан, тэдэнд хууль бусаар нөлөөлөхгүй байхыг санууллаа.
1 comment
Энэ Содномцэрэн их нүгэлтэй хүндээ…яасан ч айдаггүй хүн юм , бүр 90-д оноос л Соц-дэкүүдийн хурлын луйварын протокол хөтөлж, хор найруулж явсан нь Сонин хэвлэлд зөндөө л бичигдэж байсан шд, үр хүүхэдгүй юм шиг зарим хүмүүс мөн ч их нүгэл хийх юмдааа.,,Нүгэл нүдээрээ гэж өвөг дээдэс маань хүртэл хэлсэн байдагшд, хөөрхий энэ хүний үр хүүхэд, ач зээг нь бурхан ивээг.