Коронавируст цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэж буй вирусийн эсрэг эмийн нөөцийг бүрдүүлж, үнийн ил тод байдлыг хангах ажлын хүрээнд 6-р сарын 22-ны өдөр Хүний эмийн зөвлөл цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хурлаар эмчилгээний удирдамжинд багтсан вирусийн эсрэг эмүүдийг яаралтай горимоор оруулж ирэх импортын лиценз хүссэн бүх эм ханган нийлүүлэх байгууллагуудын материалыг нээлттэй хүлээн авч, шуурхай шийдвэрлэв. Тодруулбал, нийт 13 байгууллагад 3,556,320 капсул “Умифеновир” буюу “Арбидол”, 53,600 флакон “Ремдесивир” дуслын тариа, 130,000 шахмал Фавипиравир эмийг имортлох зөвшөөрлийг олгожээ. Доорх нэр бүхий 13 аж ахуйн нэгжээс 4 байгууллагын хувьд вирусийн эсрэг эмийн нэг удаагийн зөвшөөрлийг шинээр авч байгаа юм.
Хурлын шийдвэрээр импортын лиценз олгосон байгууллагууд:
Монгол Эм Импекс Концерн ХХК
МоносФарм Трейд ХХК
Энто ХХК
Хүрээ Фарм ХХК
Ач-Үр ХХК
Аюур тун ХХК
Ази Фарм ХХК
Тимус Фарм ХХК
Инээмсэглэл-Эрдэнэ ХХК
Нью ремеди ХХК
Евро Фарм ХХК
Эм Эн Жи Би ХХК
Монос Трейд ХХК
Зах зээл дэх эмийн үнийн хөөрөгдлөөс сэргийлэх, иргэдэд учруулах эдийн засгийн дарамтыг багасгах зорилгоор Арбидол, Ремдесивир, Фавипиравир зэрэг эм, тарианы бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалах үнийн дээд хязгаарыг тогтоосон. Энэ ажлын хүрээнд ЭЭХХЗГ-аас дээрх нэр бүхий байгууллагуудтай санамж бичиг байгуулж, дээд үнээс давуулан хэрэглэгчдэд худалдаалахгүй байхад холбогдох газруудтай хамтран хяналт тавьж ажиллахаар боллоо.