Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо дэмжив.
Цахим гарын үсгийн тухай хуулийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх, практикт үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх замаар цахим орчинд цахим гарын үсгийг ашиглан үйл ажиллагаа явуулах боломжийг сайжруулж, түүний хэрэглээг нэмэгдүүлж хуулийнэ хэрэгжилтийг хангах шаардлагатай байгаа тул Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу уг хуулийг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзэн Цахим гарын үсгийн тухай хуульд зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орсноос гадна хуулийн нийт зүйл, заалтын талаас илүү хувьд буюу 34 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орж байгаа тул Хууль тогтоомжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалтад заасны дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд тоон гарын үсэг хэрэглэхээр заасныг өөрчилж, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн тоон гарын үсэг, хуулийн этгээд цахим тамга хэрэглэхээр тусгалаа.
Ингэхдээ Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрт тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгож, түүний иргэний үнэмлэхийн санах ойд тоон гарын үсэг хэрэглэхтэй холбоотой мэдээллийг байршуулахаар зохицууллаа. Мөн хүн, хуулийн этгээд тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхээс гадна хүн, хуулийн этгээдийн хэрэглэх бусад цахим гарын үсгийн тоо, хэлбэрт хязгаар тогтоохгүй байхаар заасан гэв. Гол гол зохицуулалтыг тоймловол, Цахим гарын үсгийн тухай хуулиар гэрчилгээний хүчинтэй хугацааг ихдээ 2 жил хүртэл байхаар иргэн, хуулийн этгээдэд олгох гэрчилгээний хугацаанд ямар нэгэн ялгаа тогтоолгүй олгож, тэр бүртээ гэрчилгээний үнэ буюу тоон гарын үсэг болон тоон гарын үсгийн хэрэгсэл, үйлчилгээний хөлс авч байгааг өөрчилж, гэрчилгээг иргэнд 5 жил, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдэд 3 жил хугацаагаар олгохоор тус тус зохицуулсан.
Түүнчлэн гадаадын иргэн хүсэлт гаргаж тоон гарын үсэг авч болох зохицуулалтыг шинээр тусгаж, түүний оршин суух хугацаагаар, эсхүл 5 жилээс дээш хугацаагаар оршин суух бол гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгохоор оруулсан байна. Мөн гадаад улсын гэрчилгээг Монгол Улсад хүлээн зөвшөөрөх тохиолдлыг гадаад улс орнуудын жишигт нийцүүлэн өөрчилж, гадаад улсын гэрчилгээжүүлэх байгууллага нь энэ хууль, холбогдох журамд заасан шаардлагыг хангаж байгаа талаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарсан, Монгол Улстай байгуулсан олон улсын гэрээгээр гадаад улсын гэрчилгээжүүлэх байгууллагын гэрчилгээг хүлээн зөвшөөрсөн байх нөхцөлүүдийг тусгасан байна.
Б.Ирээдүй