Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг өрхийн эмнэлгүүдэд ачаалал өндөр, асуудал их байгааг дурдаад эмчилгээ үйлчилгээнд анхаарах, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг хуралдуулж коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын эмийн үнийг бууруулах боломж байгааг судлан үзэхийг чиглэл болгосон байна.
Мөн мэдээллийг нэг сувгаар түгээхэд анхаарахгүй бол хүн бүр өөр өөрсдийн дүгнэлтийг мэдээлэх нь иргэдийг төөрөлдүүлж эрсдэлийг нэмэгдүүлж байгаад анхаарал хандуулахыг зөвлөжээ.
Түр хорооны гишүүд өчигдөр УОК-ын шуурхай штабын ажилтай танилцсан энэ үеэр зарим гишүүд ийнхүү санал, зөвлөмж өгсөн байна.
Түр хорооны дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр цар тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагчдад баярлаж буйгаа илэрхийлж амжилт хүссэн байна. Мөн вакцинжуулалт сайн байгаа хэдий ч өвчлөлийн хувь мөн өндөр байгаад анхаарах ёстойг сануулаад УОК-ын гаргасан шийдвэрээс хамаарч улс орны хэмжээнд гамшигт өвчлөлийг хэрхэн богино хугацаанд даван туулах арга зам тодорхойлогдох тул хичээж ажиллахыг хүслээ.
Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд судлаач эрдэмтдийн үгийг сайтар сонсмоор байна. Дэлхийн зарим улс орнууд гурав дахь тунг хийж эхлэхийн ач холбогдлыг ихээр ярих болсон, 12-оос дээш насны хүүхдүүдэд файзер вакциныг хийж байгааг шуурхайлах, эмчилгээний багцын үнэ өндөр байгаад анхаарах, шаардлагатай бол төрөөс даадаг болох талаар судлан үзэхийг санал болгосн байна.
Б.Ирээдүй