Зэвсэгт хүчний гол үйл ажиллагааны нэг бол цэргийн сургалт, бэлтгэл байдаг. 2020-2021 оны сургуулийн жилд дэвшүүлсэн цэргийн сургалт, бэлтгэлийн зорилго, онцлогийн талаар ЗХЖШ-ын Сургалтын бодлого зохицуулалтын хэлтсийн сургалтын арга зүйч, сургалтын төвийн мэргэжилтэн, дэд хурандаа О.Тайванбаяраас тодрууллаа.
Энэ жил ямар сургалтууд төлөвлөгдсөн бэ?
-Зэвсэгт хүчний 2020-2021 оны сургуулийн жилд Цэргийн мэргэжлийн суурь сургалтын агуулга, хөтөлбөрийн дагуу цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулах, мэргэшсэн цэргийн алба хаагчдаар дамжуулан штаб, анги, салбарын бэлтгэл жигдрэлтийг хангах, цэргийн сургалт бэлтгэл-өдөр тутмын үйл ажиллагааны нэгдлийг хангаж, дадлага зонхилсон хэлбэрээр сургалтыг явуулах зэрэг зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүллээ. Сургуулийн жилийн эхний хагас буюу үндсэн салбарын жигдрэлтийн шатны сургалт, бэлтгэл төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Сургуулийн жилд төлөвлөгөөний дагуу штабын бэлтгэл, хүн нэг бүрийн бэлтгэл, анги, салбарын жигдрэлтийг хангах сургалт болон нэмэлт сургалтууд явагдсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл нь цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулахад багагүй хүндрэлийг учруулсан боловч сургалтын дэвшилтэт техник технологи ашиглан цахим сургалтыг шинэлэг арга зүйгээр явуулахад бид суралцсан жил байлаа.
Энэ удаагийн сургуулийн жилийн онцлог юу вэ? Зохион байгуулалтын хувьд ямар нэг өөрчлөлт орсон уу?
-Энэ жилийн сургуулийн жилийн үндсэн үйл ажиллагааг Батлан хамгаалах яамны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн арга хэмжээтэй уялдуулан зохион байгуулж явуулсан. Ер нь энэ сургуулийн жилийн сургалт бэлтгэл ихээхэн онцлогтой. Тухайлбал, нэгтгэл, анги, салбаруудын хээрийн гаралт, полигоны дадлага амжилттай зохион байгуулагдсан. Сургуулийн үеэр нэгтгэл, ангиуд Мотобуудлагын ротын байлдааны буудлагатай сургуулийг өөрийн ангийн үүрэг, зориулалт, зохион байгуулалттайгаа уялдуулан амжилттай явуулсан. Сургуулийн жилд явагдсан сургалт, дадлага, тэмцээн уралдаан бүртээ шинээр болон шинэчлэн батлагдсан дүрэм, журам, зааврыг ашиглах, бие бүрэлдэхүүнээ сургах, цаашлаад үндэсний цэргийн стратеги бий болгох арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн жил болсон гэж үзэж байна.
Түүнчлэн Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага бүр цахим, зайн сургалт явуулахад суралцсан бол цэргийн алба хаагчид өөрийгөө хөгжүүлэх, бие даан сурах чиглэлээр ихээхэн дэвшил гарсан. Мөн салааны захирагч, салааны ахлагч, тасгийн захирагч нарын мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулсан, тэргүүний залуу офицеруудын зөвлөгөөнийг хоёр шаттай явуулж мэргэжил, ур чадвараа хэрхэн дээшлүүлэх, тэдний манлайллыг яаж нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд анх удаа ротын төрлийг шинээр оролцуулсан зэрэг онцлогтой жил болж байна.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж сургалт бэлтгэл хэр ихээр тасалдсан бэ. Энэхүү тасалдсан сургалт, арга хэмжээг хэрхэн яаж зохион байгуулахаар төлөвлөөд байгаа вэ?
-Бид үүссэн нөхцөл байдалтай уялдуулан цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөлтөд тухай бүр нь тодотгол, өөрчлөлт оруулснаар үндсэн сургалт бэлтгэл 80 гаруй хувийн, Олон улсын хамтарсан сургалт дадлага болон тэмцээн уралдаан 40 гаруй хувийн, ерөнхий дүнгээр сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт 60 гаруй хувийн биелэлттэй байна. Сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн хангах зорилгоор бид тасалдсан сургалт бэлтгэл, тэмцээн уралдааныг 8, 9, 10 дугаар сард явуулахаар бэлтгэл ажлыг базааж байна.
Олон улсын Цэргийн наадмын хүрээнд болон Зэвсэгт хүчний хэмжээнд явагдахаар төлөвлөсөн тэмцээн уралдаанууд ялангуяа Монгол Улсад зохиох “Аравт”, “Цэргийн ралли” уралдааны бэлтгэл ажил ямар шатанд явж байна вэ?
-Тэмцээн, уралдаанаар дамжуулж бие бүрэлдэхүүнийхээ мэдлэг, дадлага, чадварыг нэмэгдүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавх бүхий тасаг, тоот, салбарыг бэлтгэхэд гол анхаарлаа хандуулж байна. Хэдий цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа ч төлөвлөгдсөн мэргэжлийн тэмцээн, уралдаануудыг зохион байгуулахыг эрмэлзсэн. Мөн энэ жил “Олон улсын цэргийн наадам-2021” цогцолбор тэмцээний хүрээнд зохион байгуулагдах “Аравт” морин цэргийн уралдаан болон “Цэргийн ралли” уралдааны нэгдүгээр шатыг өөрийн орны нутаг дэвсгэрт зохион байгуулна.
Түүнчлэн “Танкийн биатлон” тэмцээнд оролцох баг, тамирчдаа оролцуулахаар бэлтгэлээ хангаж байна. Олон улсын тэмцээн уралдаанд оролцох бүрэлдэхүүний бэлтгэл 6 дугаар сарын 12-ноос эхэлсэн. Баг тамирчдаа бэлтгэж уралдаан тэмцээнд оролцуулахаас гадна бид тэмцээн зохион байгуулагч орны хувьд олон улсын тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулахад чиглэсэн тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Уралдааны бэлтгэлийг хангах арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Кызыл хотноо болсон “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан болон “Цэргийн ралли” уралдааны нэгдүгээр шатыг зохион байгуулах зөвлөлдөх уулзалтад оролцож, нэгдсэн ойлголтод хүрсэн. Зэвсэгт хүчний хэмжээнд явагдах 10 тэмцээн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлоод байна. Энэ жилийн хувьд цэрэгжлийн спортын болон төрөл мэргэжлийн тэмцээн уралдааныг нэлээд шинэлэг байдлаар явуулахаар төлөвлөн удирдамж зааврууддаа өөрчлөлт оруулсан байгааг та бүхэн мэдэж байгаа.
Тэмцээн уралдааны үед гүйцэтгэх дасгал норматив бүрийг дүрэм, зааврын дагуу боловсруулах, албан тушаалтан бүрийн үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгохыг эрмэлзсэн. Жишээ нь, Марш-тактикийн тэмцээний зааварт орсон өөрчлөлтийг дурдаж болно. Үүнд тасгийн захирагчийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлсэн, тактикийн ажиллагааг гүйцэтгэх арга хэлбэрийг өөрчилсөн, тодорхой зураасаас зураасын хооронд зөөдөг байсан сум, галт хэрэгслийг байлдааны машинаас буулгаж, ачих гэх мэт олон өөрчлөлтийг дурдаж болно. Энэ бүхэн нь аливаа дасгал, нормативыг зааврын дагуу гүйцэтгэхэд цэргийн алба хаагч, албан тушаалтан бүрийг сургах төдийгүй тэдний сэтгэл зүйн бэлтгэлийг хангахад чухал ач холбогдолтой. Цаашид явагдах сургалт, бэлтгэл, тэмцээн, уралдаанууд маш шинэлэг хэлбэрээр зохион байгуулагдана.
“Соёмбо” сонин дэслэгч Т.ИДЭР