Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр Баянзүрх дүүрэгт боллоо. Дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцахаас гадна ковид-19 халдварын эсрэг хариу арга хэмжээг сайжруулах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгөх үүднээс шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулж байгааг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар онцолсон.
Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх дархлаажуулалт өнөөдрийн байдлаар 90 гаруй хувьтай явагдаж байгааг хэлсэн. Мөн иргэдээ мэдээллээр хангах ялангуяа онош батлагдсан тохиолдолд хаана хандах, гэртээ тусгаарлагдаж байгаа иргэд ямар эмчилгээ хийлгэх, хэрхэн зөвлөгөө авах чиглэлээр мэргэжлийн байгууллагын ажилтнуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж ажилласан. Үүнээс гадна Энэрэл эмнэлэг, Өргөө 2 оюутны дотуур байр, Улаанбаатар сургуулиуд дээр нэмэлтээр ор дэлгэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд нийт 350 ор гаргах боломжтой болсон. Хариу арга хэмжээний хүрээнд иргэдтэй хамтарч ажиллах уриалга гаргасан. Иргэд ч энэхүү саналыг хүлээн авч, сайн дураараа ажиллаж эхлээд байгаа гэлээ.
Харин бүтээн байгуулалтын ажлын хувьд гүйцэтгэгчээр шалгарсан компаниудын төлөөлөлтэй уулзаж, ажлаа чанартай гүйцэтгэх чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгсөн. Цар тахлын амаргүй нөхцөлд Баянзүрх дүүргийн удирдлагууд, дүүргээс сонгогдсон Нийслэлийн төлөөлөгч, УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч иргэдрүү чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлсэн гэдгийг тэрээр хэлсэн бол Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъбаяазар Ковид-19 халдварын үед дүүрэг орон нутагт тулгамдаж буй асуудлуудад хотоос дэмжлэг үзүүлнэ. Цаашлаад бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулж гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон шинээр хийгдэх ажлуудыг дүүрэг орон нутагт эрчимжүүлэх шаардлагатай байна.
Цар тахлын үед хариуцлагатай байж, иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө бүх хүчээрээ ажиллаарай гэсэн юм. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний хувьд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт хуралдаж, цар тахлын үед шаардлагатай ажлуудыг үе шаттайгаар дэмжих, дүүрэг орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх гэх мэт асуудлуудыг шийднэ гэж Баянзүрх дүүргийн ИОНХХ-ээс мэдээллээ.