“Аравт-2021” олон улсын морин цэргийн уралдааныг Монгол Улсын Зэвсэгт хүчин хоёр дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Бэлтгэлийг хоёр хэлбэрээр явуулж байгаа бөгөөд нэг нь өөрийн орныг төлөөлж оролцох бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, сурган дадлагажуулах бол нөгөөх нь уралдааныг зохион явуулахтай холбоотой бусад бэлтгэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Уралдаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж оролцох бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулахаар 6 дугаар сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хүн нэг бүрийн бэлтгэлийг Хужир булан дахь Сургалтын төвд явуулж байна. Энэхүү бэлтгэлийн явцад 3 удаагийн сорилыг явуулж, тамирчдаа сонгон шалгаруулах бөгөөд одоогоор Зэвсэгт хүчний 11 нэгтгэл, ангийн 20 гаруй тамирчид бэлтгэлд хамрагдаж байна.
7 дугаар сарын 15-ны өдөр буюу сонгон шалгаруулалт явагдаж дууссаны дараа шалгарсан тамирчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд морьтойгоо нэгдсэн бэлтгэлд үргэлжлүүлэн гарах юм. Монгол Улсыг төлөөлж оролцох багийн ахлах дасгалжуулагчаар ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, хошууч З.Бат-Оргил ажиллаж байна.
Баг тамирчидтай өнөөдөр ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга, тус хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ нар уулзаж, эх орноо төлөөлөх нэр хүндтэй олон улсын тэмцээнд сонгогдож оролцохын төлөө хүн бүр хичээх ёстой.
Энэ жилийн тэмцээний алсын зайн морин маршийн төрөлд баг тамирчдын тэсвэр хатуужил, эр зориг, ур чадварыг илүү ихээр сорино. Учир нь тодорхой зайд морио хөтөлж, бартаа саадыг явганаар туулах ёстой гээд уралдааны онцлогийн талаар мэдээлэл өгч, алба хаагч бүрт амжилт хүссэн юм. Мөн цар тахлын халдвараас сэргийлэх хүрээнд хээрийн байрлалд гаднаас танилуудаа нэвтрүүлэх, уулзах ямар ч асуудал байж болохгүйг сануулж байсан юм.
Эх сурвалж: ЗХЖШ