Төрийн аудитын байгууллага нь иргэд, олон нийтийн анхааралд орж үнэн зөв хариу хүссэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудалтай холбоотой төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд шаардлагатай тохиолдолд аудит хийж, олон нийтэд мэдээлэх зохицуулалттай.
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр вирусийн эсрэг эм, тарилгын эмийн худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүд гарч, Арбидол эмийг 3-4 дахин өндөр үнээр худалдаалж буй талаар олон нийт нийгмийн цахим сүлжээнд шүүмжлэх болсон. Үүнтэй холбогдуулан ЭМЯ болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2021 оны вирусийн эсрэг эмийн худалдан авалтад бодит цагийн аудит хийлээ.
2021 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүл мэндийн сайдын А/240, А/276, А/352 дугаартай 3 удаагийн тушаалаар вирусийн эсрэг Умифеновир (худалдааны нэршил нь Афлюдол, Арбидол, Арбивир), Фавипиравир эм болон Ремдесивир тарилгын эмийг гаднын үйлдвэрлэгч орнуудаас оруулж ирэх нэг удаагийн импортын лицензийг давхардсан тоогоор нийт 15 компанид олгожээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасны дагуу гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй тохиолдолд гэрээ шууд байгуулах аргаар төсвөөс худалдан авалт хийж болохоор хуульчилсан байдаг.
Үүний дагуу Эрүүл мэндийн яамнаас 2021 оны 4, 5 дугаар сард 3 эм ханган нийлүүлэх байгууллагаас нийт 1,124,204,800.00 төгрөгөөр Умифеновир /Арбидол/ 200мг, 100мг вирусийн эсрэг эмийг 931,176 ширхэг, 2 байгууллагаас 449,595,520.00 төгрөгөөр 4000 ширхэг Ремдесивир тарилгын эмийг гэрээ шууд байгуулах аргаар худалдан авах гэрээ байгуулснаас олгосон санхүүжилтийн гүйцэтгэл 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 759,133,600.00 төгрөг буюу 48.2 хувьтай байна.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн аймаг, нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан олгож байгаа бөгөөд 2021 оны 06 сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 925,990 ширхэг эм, тарилгын эмийн нөөцтэй байна.
Аудитын дүгнэлтээр зах зээл дээр эмийн сангуудаар худалдаалагдаж буй 100 мг Арбидол эмийг Эрүүл мэндийн яаманд нийлүүлсэн үнээс 43 орчим хувиар, 200 мг Арбидол эмийг 46 орчим хувиар өндөр үнэтэй борлуулж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.9-д заасны дагуу зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулан баталсан эмийн үнэд төрөөс зохицуулалт хийх боломжтой байдаг тул цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан вирусийн эсрэг эм, тарилгын эмийн мэдээллийг тус жагсаалтад оруулан, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудаар зарагдаж байгаа эмийн үнэ хэт өндөр байхаас сэргийлж үнийн зохицуулалт хийх зөвлөмжийг Эрүүл мэндийн яаманд өгч байна.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.10-т заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг баталдаг. Тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад батлагдсан эмийг эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр худалдан авах зохицуулалттай. Тиймээс коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэж буй вирусийн эсрэг эмийг тус жагсаалтад оруулах, иргэдэд үнийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг судлах зөвлөмжийг өгөв.
Эрүүл мэндийн яам нь 2021 онд Коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэх эм /Умифеновир, Фавипиравир болон Ремдесивир/-ийн 5 удаагийн худалдан авалтын буюу 899,254,800.00 төгрөгийн мэдээллийг Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3-т заасны дагуу ил тод мэдээлээгүй байна.
Түүнчлэн, хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-т заасан таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын нийт 759,133,600.00 төгрөгийн 4 гүйлгээний мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлээгүй байсныг ил тод байршуулж, нэг удаагийн импортын лицензийн зөвшөөрөлтэй байгууллагуудыг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах зөвлөмжийг аудитад хамрагдсан байгууллагуудад өглөө.
Эх сурвалж: ҮАГ