Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд ажилласан. Энэ үеэрээ Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр айлуудын нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл, ашигтай бактери хийх ажлыг эхлүүлсэн юм.
Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр нүхэн жорлонгуудад найман омгийн 40 гаруй ашигтай бактери хийснээс хойш 17 хоногийн дараа бодит байдалтай танилцан, газар дээр нь ажиллалаа. Гандангийн дэнж орчим нь нийслэлийн хамгийн удсан суурьшлын бүсүүдийн нэг бөгөөд хөрсний бохирдол нь 200-300 хувьд хүрчээ. Тус ашигтай бактери нь хөрсний бохирдлыг арилгах, шээсний хүчлийг задлах, үнэр дарж, халдваргүйжүүлэхээс гадна хөрсний бордоо болох давуу талтай юм.
Нүхэн жорлондоо ашигтай бактер хийлгэсэн Баянгол дүүргийн 16-р хорооны иргэд “Үнэр мэдэгдэхүйц арилсан. Ялаа батгана шавахаа больсноос гадна бохир соруулах хугацаа ч уртсаж байгаа. Хотын дарга хамгийн чухал асуудлыг шийдэж өглөө” хэмээн ярилаа. Ашигтай бактери хийснээс хоёр сарын дараа нүхэн жорлон дахь бохирыг шингээж, хөрсөнд ашигтай бордоо болохыг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр онцолсон юм.
Гэр хорооллын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой. Ялангуяа нүхэн жорлон орчмын тав хүртэлх метрийн радиуст хөрсний нийлмэл бохирдлын индекс өндөр гарчээ. Иймд Улаанбаатар хотын гэр хороолол дахь 196 мянган нүхэн жорлонд ашигтай бактери хийж, үе шаттайгаар стандартын шаардлага хангасан нүхэн жорлонгоор солих, хуучин нүхийг ариутгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, хэрэгжүүлэх юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС