Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 10 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдахаас улсын төсвийн хөрөнгөөр 870.4 тэрбум, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 111.7 тэрбум, гадаад зээл тусламжаар 2.2 их наяд, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 1.2 их наяд, бусад эх үүсвэрээс 5.7 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөний төсөл нь 6 бүлэг, 23 зорилттой бөгөөд 263 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу сүүлийн 30 жилд анх удаа Монгол Улсын хөгжлийн нэг жилийн төлөвлөгөөг батлах гэж буй нь их хариуцлагатай ажил гэдгийг онцлоод жилийн төлөвлөгөө нь хөгжлийн дунд, урт хугацааны бодлоготой хэр уялдсан, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад хэрхэн нөлөөлөх талаар тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хөгжлийн жилийн төлөвлөгөөг анх удаа хэлэлцэж байгаа хэдий ч энэ нь ирэх жилийн төсвийн суурь болно. Гэтэл төсөлд макро эдийн засгийн суурь үзүүлэлт болон бодлогын томоохон асуудлуудаа тусгаагүй, хөтөлбөрийн шинжтэй болсон байна гэж үзэж буйгаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа нар төрийн өмчийн байгууллагуудыг цэгцлэх, алдагдалгүй ажиллуулах, менежментийг боловсронгуй болгох, засаглалыг сайжруулах асуудал тусгагдаагүйд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв.
Гишүүдийн асуултад хариулт өгсөн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж:-Хөгжлийн нэг жилийн төлөвлөгөөний тухайд анх удаа орж ирж байгаа баримт бичиг учраас дутуу дулимаг зүйл байгааг үгүйсгэхгүй. Цаашид боловсронгуй болгох талаар ажиллах болно. Төлөвлөгөөнд оруулах бодлого, арга хэмжээний талаар яамдаас санал авч, хөрөнгийн эх үүсвэртэй, эх үүсвэр бүрдэх боломжтой гэж үзсэн ажил, арга хэмжээг тусгахыг хичээсэн.
Энэ жил болон ирэх жилийн тухайд Чингис, Гэрэгэ бондын төлбөрийн асуудал бий. Өрийн удирдлагын тухай хууль, өрийн менежментийн стратегийн дагуу Засгийн газарт өрийн зохицуулалт хийх эрх өгсөн. Энэ жилийн тухайд улсын төсөв батлах үед 2.4 их наяд төгрөгт багтааж ийм зохицуулалт хийх эрх олгосон. Энэ хүрээнд Засгийн газар тодорхой шийдвэр гаргаад ажиллаж байгааг тодотгов.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:-2022 онд улсын хэмжээнд 113 цэцэрлэг, 176 сургууль, 121 дотуур байр барихад 83.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Гэхдээ хөдөөгийн сумд болон Улаанбаатарт байгаа сургуулиудын ачаалал өдөр шөнө шиг ялгаатай болсон. Ганц жишээ хэлэхэд 300-гаас доош хүүхэдтэй 90 орчим сумын сургууль байна. Ер нь сум, нийслэлийн хороо бүрт 12 жилийн тогтолцоотой сургууль барих шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа. Цаашид нийслэлд үүсэж буй сургуулийн ачааллыг цэцэрлэг-бага сургуулийн цогцолборын хэлбэрээр, дунд болон ахлах ангиудыг төрөлжсөн сургууль болгож зохион байгуулах чиглэлээр шийдэх бодлого барьж байгаа. Одоогоор нүхэн жорлонтой байгаа 800 гаруй сургуулийн ариун цэврийн асуудлыг шийдэхийн зэрэгцээ сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эхний ээлжинд 670 гаруй сургуулийн гал тогооны нөхцөлийг сайжруулна, ийм боломж бий. Харин ирэх онд 5-9 дүгээр ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулахад 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан:-Төв банк түүхэндээ байгаагүй ихээхэн хэмжээний валютын нөөцтэй болсон, гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан, валютын ханш 10 сарын туршид тогтвортой байгаа зэрэг сайн үзүүлэлт байна. Мөн төсвийн орлого таван сарын байдлаар 98 хувьтай гарсан нь чамлахаар тоо биш. Гэхдээ гол түүхий эдийн үнэ ханш дээр асуудал бий, санаж бодсоноор болж өгөхгүй байгаа зүйл ч бас байна, удахгүй хэвийн байдалд орно гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаа гэдгээ хэлж байв. Түүнчлэн гишүүдийн асуултад Засгийн газрын бусад гишүүд болон Үндэсний хөгжлийн дарга, холбогдох бусад албан тушаалтнууд хариулт, нэмэлт тайлбар, мэдээлэл өгсөн юм.
Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.2 хувь нь “Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.