Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу зургаадугаар сарын 17-ны байдлаар Их Хэнтийн нурууны өвөр бэлээс усжих Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 23 см-ээр даван үерлэсэн хэвээр байна.
Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул гол Зайсан орчимд усны түвшин өмнөх өдрөөс 9 см-ээр нэмэгдэн үерийн түвшинг 10 см-ээр даван үерлэж, Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Санзай тосгон болон Дамбадаржаагийн гүүр орчимд үерийн түвшнээс буусан хэдий ч гол үертэй хэвээр байна.
Иймд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс хамаарч голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэж байгаа тул голын дагуу суурьшиж , зусаж буй малчид, аж ахуйн нэгж, ард иргэдийг үeр усны аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Үүнд:
- Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх,
- Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
- Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
- Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.