Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах зорилгоор ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих ажлыг хийж байна. Тус ажлыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болоод Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126-р тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих үйл ажиллагааны журам”-ын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан, хэрэгжүүлж байгаа юм.
Тодруулбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дөрвөн удаагийн шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 17 удаагийн захирамжаар 170 барилгыг буулган, дахин төлөвлөлтөд оруулж, барилгажуулах тухай шийдвэр гарсан байдаг. Уг шийдвэрийн дагуу төсөл хэрэгжүүлснээр 531 айлын 27 орон сууцыг буулгаж,1556 айлын 13 орон сууцыг шинээр ашиглалтад оруулж, 215 айлыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангасан.
Хот төлөвлөлт, байгуулалтын талаарх судалгааны ажлууд, тэдгээрт тулгуурлан, дэвшүүлж буй шийдлүүдийг цувралаар хүргэхээр Хот байгуулалт, хөгжлийн газар ажиллаж байна. Иргэд “Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих” төслийн тухай мэдээ мэдээллийг Хот байгуулалт, хөгжлийн газрын бэлтгэдэг i-Up контентоор хүлээн авах боломжтой.
Хот төлөвлөлтийн талаарх мэдээллийг дараах холбоосоор хүлээн авч үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=4fmaHHx9A4U
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР