Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Тайлангийн талаар Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Энхболд товч танилцуулга хийв.
Коронавируст халдвар нэмэгдэх болсон учир эрсдэлийг Эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хэмжээгээр хуваалцах талаар Сангийн яам, Эрүүл мэндийн яамны саналыг үндэслэн Эрсдэлийн сангаас 2020 онд 9.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайлангийн хэлэлцүүлэг дээр танилцуулсан юм.
Эрсдлийн сангаас гаргасан 9,6 тэрбумаар нийт 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд эмчилгээ, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авчээ.
Түүнчлэн, өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээг улсын 11, хувийн хэвшлийн 9 эмнэлэгтэй байгуулан, 75 хувийн зардлын төлбөрийг даатгалын сангаас хариуцан төлж байгаа аж.
“Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ”-г тогтоож, 2020 оны 13 дугаар тогтоолоор 141 ерөнхий нэршлийн, 541 худалдааны нэрийн эмд 30, 50, 70 хувийн хөнгөлөлтийг үзүүлдэг болсноор Даатгалын гэрээтэй эмийн сангийн тоо өмнөхөөс 1.7 дахин нэмэгдсэн байна.
Н.Батаа