Энэ сарын 15-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 379 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 226 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд тав, орон нутгийн замд хоёр хүн гэмтэж, нэг иргэн нас барсан байна. Түүнчлэн хүүхэд өртөж гэмтсэн осол гурав бүртгэгджээ. Тодруулбал, нийслэлд автомашины жолооч унадаг дугуйтай эрэгтэйг мөргөж гэмтээсэн нэг, унадаг дугуйтай хүүхдийг мөргөж гэмтээсэн хоёр осол гарчээ.
Үүнээс гадна гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 42, орон нутагт 16, улсын хэмжээнд нийт 58 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгч хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг тогтмол зүүхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.