Сангийн сайд Б.Жавхлан “Энэ оны төсвийн орлого тавдугаар сарын 31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ нь өнөөгийн нөхцөл байдалд чамлахааргүй үзүүлэлт. Төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх чиглэлээр боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулсан. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн “Ажлын байрыг дэмжих 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилт”-ийн үр дүнд эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 2019 оны суурь гүйцэтгэлээс зарим үзүүлэлтүүдээрээ давсан. Энэ жил экспортуудын гол түүхий эдүүдийн үнэ монголд таатай байсан нь эдийн засагт эерэгээр нөлөөллөө.
Өнгөрсөн зургадугаар сарын хугацаанд Covid-19 халдварын улмаас хүнд нөхцөл байдалтай байсан хэдий ч урт хугацааны сунжирсан хатуу хөл хорио барилгүй байсны үр дүнд эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг гарсан. 2021 оны эхний таван сарын байдлаар “E-Barimt” системд бүртгэлтэй ААН-үүдийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 25.0 хувиар өссөн байна.
Үүнийг 2019 оны мөн үетэй харьцуулахад дөрвөн их наяд төгрөгийн абсолют дүнгийн өсөлттэй гарсан. Үүнд, эдийн засгийг идэвхжүүлэх, 10 их наяд төгрөгийн бодлогын арга хэмжээ, иргэн бүрт олгосон 300 мянган төгрөг болон хүүхдийн мөнгө зэрэг нь нөлөөлсөн” хэмээв.