Коронавирусийн халдварын үед иргэдийн ихээр хэрэглэж байгаа витамин, эм бэлдмэлүүдийн үнэ нэмэгдэж байгаад иргэд нэлээн шүүмжлэлтэй хандаж байна. Энэхүү асуудал ч өчигдрийн УИХ-ын байнгын хороо олон түр хороодын хуралдааны үеэр яригдсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр витамин, эмний үнэ хэд дахин өссөн байна, ковид-19 халдварын үед хэрэглэж байгаа витамин, эм бэлдмэлийг эрүүл мэндийн даатгалаар олгож болдоггүй юм уу” гэх асуудлыг хөндөн тавьж байлаа.
Харин Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хорооны хуралдаан дээр ковид халдварын эмчилгээнд хамгийн их хэрэглэгддэг Арбидол эмийн зах зээлд борлуулагдах зөвшөөрөгдсөн үнийг нийтэд ил болгоно гэх асуудал яригдсан юм.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Вирусийн эсрэг эмүүдийг харилцан адилгүй үнээр компаниуд оруулж ирж байгаа.
Өчигдөр хүний эмийн зөвлөл хуралдсан. Сүүлийн үед вирусийн эсрэг эмийн үнийг хөөрөгдүүлэх хандлага гарч байгаа.
Иймээс нэг удаагийн импортын лиценз оруулж ирэхдээ мэдүүлсэн мэдүүлгийг нь яамны болон Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын цахим хуудсаар ямар үнэтэйгээр санал болго гэж зөвшөөрөл авсан гэдгийг олон нийтэд ил тод зарлахаар болсон. Ингэснээр иргэд тухайн вирусийн эмийг ямар үнээр бүртгэгдсэн бэ гэдгийг мэдэж авах боломжтой” хэмээв.
Одоогоор Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар эмийн үнийг нийтэд ил болгоогүй байна. Харин вирусийн эсрэг эмийн үнийн хяналт шалгалтыг хийж байгаа талаараа албан ёсны пэйж хуудсаараа мэдэгдсэн байна.
Тэрээр “Коронавируст цар тахлын эмчилгээний удирдамжинд багтсан вирусийн эсрэг эмийн зах зээл дэх үнийн хяналтыг хийж эхэллээ. ЭЭХХЗГ болон ШӨХТГ-ын хамтарсан ажлын хэсэг “Арбидол” зэрэг эмийн ширхгийн болон багцын үнэд хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдэд арга хэмжээ авч ажиллах юм.
Мөн Ковид-19 халдварын үед яаралтай горимоор импортлох нэг удаагийн зөвшөөрөлтэй бусад эмийн үнийг олон нийтэд ил тод мэдээлэх болно” гэжээ.
Б.Ирээдүй