АН-ын Үндэсний бодлогын хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд тодорхой шаардлага тавьж, эрх бүхий этгээдүүдэд хүргүүлнэ гэж мэдэгдлээ.
Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал хэлэхдээ: 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам нэр дэвшигчээ дэвшүүлж оролцож чадсангүй. АН-ын нэрийг зүүж нэр дэвшсэн нэр дэвшигч маань нийт санал өгсөн гишүүдийн 6 хувийн саналыг авлаа. 1990 оноос хойш ардчилсан нам бүхий л шатны сонгуульд оролцсон. Гэхдээ ийм бага санал авч байгаагүй.
Ийм бага санал авчихаад дүгнэлт хийж, хариуцлага хүлээхийн оронд буруугаа бусдад тохон, сошиал орчинд хэн нэгнийг урвагчаар нь дуудах, сонгуулиа зохион байгуулж чадаагүй хариуцлагаа хүлээж чадахгүй байгаа нь харамсалтай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг Ардчилсан нам яагаад алдав аа гэдэгт дүгнэлт хийх зайлшгүй шаардлага бий болж байна. Энэ үйл явдал Ардчилсан намын нэрээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан “ах” нарын хувийн өш хонзон, хэрүүл тэмцэл, атаа жөтөө, эх баригчдын шантаажинд орсон, шоронгоор барьцаалагдсан амьдралаа Ардчилсан намыг, Ардчилсан намын Ерөнхийлөгчийн сонгуультай бэлгэнд барилаа.
Ах нараа, та нар АН-ыг Ерөнхийлөгчийн суудалтай нь хамт эрх баригчдад зарж, эрх чөлөөгөө олж авсан бол одоо тэтгэвэртээ гарцгаа. Тэтгэвэртээ гарах үйл явдал чинь АН-д хийх том буян болохоор байна.
Залуучууд бид нар өнөөдрийг хүртэл ах нарт хүч өгч, найдаж ирсэн. Одоо ах нарын зуудаг нохой болж, хэн нэгэн рүү дайрч, довтолдогоо больж, нэгдэж, нийлж, АН-аа босгож ирэх цаг болжээ. АН-ын дарга О.Цогтгэрэлд дараах шаардлагыг хүргүүлж байна. Үндэсний бодлогын хороогоо яаралтай хуралдуулж, цаашиад хэрхэх талаар арга хэмжээ ав” гэв.
Б.Ирээдүй