ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
ХҮН-ын дарга Т.Доржханд “Монголчууд Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгууллаа. Өмнөх 30 жилээс маш их ялгаатай сонгууль боллоо. Бие биеэ харлуулж гүтгэсэн зүйл болоогүй. Хамгийн бага зардалтай сонгууль боллоо. Ковидын энэ үед ХҮН-аас зар сурталчилгааны самбар, ухуулагч ажиллуулах зэргээр өндөр зардал гаргахгүй байхыг МАН, АН-д уриалсан.
Нийгмийн хүлээлтийг хүлээн авч хамгийн их санал авсан, МАН-ын дарга У.Хүрэлсүх Танд баяр хүргэе. Мөн АН-ын дарга С.Эрдэнэ Танд талархал иЛэрхийлж, цаашдын ажилд нь сайн сайхныг хүсье.
Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбатад 246.955 сонгогч саналаа өгсөнд дэвшигчдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлж байгааг хүлээн авна уу. Өнөөдрийн байдлаар 250 мянган дэмжигч гишүүнтэй болсныг энэ сонгууль хоёр дахь удаагаа батлан харууллаа.
Манай эвслээс энэ сонгуульд нийт 1.2 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ бүх санхүүжилт хандиваар боссон. Мөнгөгүйгээр сонгууль хийж болдгийг бид харууллаа. Энэ хандивын дийлэнхийг гадаадад байгаа монголчууд маань гаргасан. Та нартаа баярлалаа” хэмээв.