Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцинжуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дархлаажуулалтын хоёрдугаар тунг хийх ажил хийгдэж байгаа. Орон нутагт зорилтот бүлгийн иргэдийн 67.2, нийслэлд 85.3 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан байгаа. Улсын дүнгээр хоёр дахь тунгийн хамрагдалт 75.5 хувьтай явж байгаа боловч орон нутагт вакцины эхний тунгаа хийлгээд 21 буюу түүнээс дээш хоносон 131 мянган иргэн байна. Энэ иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж, бүрэн тунгаа авах шаардлагатай. Түүнчлэн Улаанбаатарт товлосон хугацаанд давтан тунгаа хийлгээгүй 117 мянган иргэн байгаа бол аймагт 131683 байна. Ингээд улсын хэмжээнд нийт 249000 иргэн болж байгаа юм. Эдгээр иргэд вакцины хоёрдугаар тунгийн товлолт хугацаандаа багтан өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт очин вакцинаа хийлгэхийг уриалж байна. Ингэснээр таныг халдвараас сэрийлж, хамгаалах бүрэн боломжтой.
Вакцины бүрэн тунд хамрагдсанаар халдвараас хамгаалагдах учир товлолт хугацаандаа багтан өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт очин вакцинаа хийлгэхийг уриалж байна.” гэлээ.
Л.Баяр