Архангай аймгийн Хотонт сумын нутаг Орхон голын хөвөөнд орших VIII-IX зууны Уйгурын нийслэл Ордубалык буюу Хар балгасын Ордон хотын дүүргээс Монгол-Германы хамтарсан Орхон экспедици 2017 онд эртний худгийг илрүүлж, 2018 оны зун бүтэн талбайгаар малтаж баримтжуулсан нь манай оронд судалсан эртний хот балгадын тууриас ийм төрлийн дурсгалыг илрүүлэн олж шинжилсэн анхны тохиолдол болсон юм. Энэхүү худаг нь өвөрмөц хийц, инженерийн нарийн шийдэл бүхий бүтэцтэй. Мод болон боржин чулуун доторлогоотой. Худаг хамгийн багадаа 12 орчим метр гүн байжээ.
Уг худгийн доторлогооны чулуун өрлөг, модон хийц бүтцүүд нь огт хөндөгдөөгүй бүрэн бүтнээрээ хадгалагдан үлдсэн төдийгүй ёроолд нь хүрэхэд одоо хүртэл устайгаа байсан нь гайхалтай байв. Худгийн чулуун доторлогоо нь зургаан талтай бөгөөд тал бүрийн хана нь яг адилхан, амсраас эхлээд хамгийн доод давхарлиг хүртэл ижилхэн арга зарчмаар өрсөн, нийт 12 үе өрлөгтэй болох нь мэдэгдэв. Энэ нь цаг тутамд 1300 литр орчим буюу хоногт 30 гаруй тонн ус гаргах хүчин чадалтай байсныг нь судлаачид урьдчилсан байдлаар тооцоолж гаргасан байна.
Холбогдох ном зохиол:
Эрдэнэбат У., Франкен К., Батбаяр Т., Рооланд Х. Уйгурын нийслэл Хар балгасанд 2018 онд Монгол Германы Орхон экспедицийн хийсэн малтлага судалгаа. //Монголын археологи-2018. Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. УБ., 2019, 254-260