Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн 7.2 км зам тавьж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус дугуйн замын хучилтыг хуулж байна гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Үүнтэй холбогдуулан тус замын ажлыг гүйцэтгэж буй “Алтай Рөүд” ХХК-ийн захирал Д.Ганзориг тайлбар өглөө.
Тэрбээр “Туул гол дагуух үерийн усны даланг ашиглан, дугуйн зам тавьж байгаа. Бид 50 метр орчим газарт шороо сольж, хөрс нягтаршуулах ажил хийж байна. Хүлээлгэж өгсөн ажлыг эвдэж, дахин хөрөнгө гаргасан зүйл байхгүй. Одоо хоёрдугаар ээлжийн ажил буюу амралтын цэг, нийтийн бие засах газар, камер, замын гэрэлтүүлэг хийж, гэрээт хугацаандаа буюу долдугаар сарын 5-нд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хуулалт хийж байгаа хэсэгт бага зэргийн суулт өгсөн. Энэ нь цаашдаа эвдрэл үүсгэх магадлалтай учир гүйцэтгэх компани шийдвэр гаргаж, засварын ажил хийж байна” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС