Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийн бүтээгдэхүүнийг энэ оны гуравдугаар улирлаас эхлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх болжээ.
Цар тахлын халдварын эрсдэл нэмэгдэж буй энэ цаг үед Биобэлдмэл үйлдвэрлэл, үндэсний вакцины хяналтын лаборатори, вакцины үйлдвэрлэл нь үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг болоод байна. Тиймээс НЭМҮТ-ийн “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийг ажиллагаанд оруулж, цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх асуудлыг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд асуудлыг танилцуулж, шийдвэрлэсэн. Ингэснээр 2010 оноос үйл ажиллагаа нь зогсоод байсан “Биобэлдмэлийн үйлдвэр” цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх боломж бүрдсэн юм.
1933 онд цагаан цэцгийн 98000 хүн/тун вакциныг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж, “ЦАГААН ЦЭЦЭГ ӨВЧНИЙГ БҮРЭН УСТГАСАН АЗИЙН АНХНЫ ОРОН” болоход уг үйлдвэр голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 88 жилийн түүхтэй, туршлагатай юм.
Коронавирусний цар тахлын үед вирусийг дарангуйлах, үрэвслийн хариу урвалыг зогсоох үйлдэлтэй эсрэг биеийг бэлнээр нь шууд бие махбодод оруулж урьдчилан сэргийлж, эмчлэх аргыг ДЭМБ-аас эмнэл зүйн удирдамжид тусган дэлхий нийтэд хэрэгжүүлж эхэлсэн. Манай улсад хэвийн болон өвөрмөц иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт эмчилгээнд хэрэглэж байсан туршлагатай.
Иммуноглобулин гэж нэрлэгддэг энэхүү уургийн бэлдмэлийг өндөр тунгаар хийхэд коронавирусээр халдварласан хүний халдварын эдгэрэлтийг хурдасгаж, хүндрэлээс сэргийлж, аюулгүй, үр дүнтэй үйлчилж байгааг баталсан байдаг. Хэвийн иммуноглобулиныг эмнэлзүйн туршилтгүйгээр эмчилгээнд шууд хэрэглэхийг зөвлөсөн. Хүндэвтэр шатны эмчилгээнд эрт оруулахад хүндрэлээс маш сайн сэргийлэх ач холбогдолтой юм.
Тус үйлдвэр нь хэвийн болон өвөрмөц иммунноглобулиныг 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 2000-3000 хүн тунгаар үйлдвэрлэж эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлнэ. Үүний үр дүнд монгол хүний биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлж, коронавирусний халдварын хүндэвтэр гэсэн оноштой өвчтөнд эрт тарьснаар нас барахаас сэргийлнэ. Мөн хоёрдогч нянгийн халдвараас сэргийлэхийн зэрэгцээ вирусний эсрэг эмчилгээнд дарангуйлагдсан дархлалыг сэргээж, эмнэлгийн тусламжийн зардлыг бууруулан, Гадаад руу урсах мөнгөний урсгалыг бодитойгоор багасгана хэмээн үзэж байгаа аж.
Өдгөө Монголд урьдчилан сэргийлэх, эмчилгээний зориулалтаар хэрэглэгддэг биобэлдмэлийн бүтээгдэхүүнийг импортын биобэлдмэл 100 хувь орлож байна.
Үйлдвэрийн тухай товчхон: 1932 оноос хойш Монгол Улсад анагаах ухааны биотехнологид суурилан эмчилгээний зориулалтын биобэлдмэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цорын ганц үйлдвэр ажиллаж, 15 төрлийн биобэлдмэл, 20 гаруй нэр төрлийн тэжээлт орчны бүтээгдэхүүнээр эрүүл мэндийн байгууллага, хүн амын хэрэгцээг хангаж байсан туршлагатай. Анх үүсэн байгуулагдсанаас эхлээд одоог хүртэл ОХУ болон бусад орнуудтай хамтран судалгаа хөгжил, инновац үйлдвэрлэлийг явуулж, ялангуяа уураг нөхөх альбумин, дархлаа сайжруулах хэвийн иммуноглобулин, харшлын эсрэг гистаглобулин, галзуугийн эсрэг вакцин, гэдэсний хижиг өвчнийг эмчлэх балнадын нян залгиур зэрэг бүтээгдэхүүнүүд нь эрэлт өндөртэй байдаг.
Гэвч 2010 онд МХЕГ-аас үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд Засгийн газрын 149 тоот тогтоолоор “Биобэлдмэлийн үйлдвэр” аж ахуйн тооцоот, төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, чиг үүргийг нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлсэн түүхтэй. Харин 2019 оны 10 дугаар сард Шинжлэх ухааны шинэ технологийг ашиглан инновацын загвар бүтээгдэхүүнийг лабораторийн түвшинд гаргаж, түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийг сэргээн нээсэн юм.
Цаашид Монгол улсад биобэлдмэл (хэвийн болон өвөрмөц иммуноглобулин, сийвэн) үйлдвэрлэх үндэсний вакцины хяналтын лаборатори байгуулах, улмаар нутгийн омогт суурилсан коронавирусийн үндэсний вакциныг үйлдвэрлэх хэрэгцээ, шаардлага бидэнд тулгараад байна.
БИОБЭЛДМЭЛИЙН ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БА ЗАГВАРЫН ТУХАЙД:
• 1955 онд сахуу, татран өвчнийг эмчлэх ийлдэс
• 1957 онд галзуу өвчний эсрэг вакцин
• 1960 оноос сийвэн нөхөх, сэлбэх шингэн, аминокровин зэрэг цусны бүтээгдэхүүн
• 1981 оноос эрүүл эхийн эхсийн цусийг ашиглан доорхи бүтээгдэхүүнүүдийг дархлаа дэмжих, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зориулалттай хүний хэвийн иммуноглобулин, харшлын эсрэг гистаглобулин, уураг нөхөх 5-10 хувийн альбумин, коллаген агуулсан бэлдмэл болох шиллэг эд, гэдэсний халдварт өвчин, суулгалтын эсрэг бэлдмэл болох балнадын нян залгиур, колибактерин, бифидо зэрэг бүтээгдэхүүдийг үйлдвэрлэж хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байлаа.
• 2000-2019 онд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг хослуулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор Биотехнологийн үйлдвэрийг эрдэм шинжилгээний хэсэгтэй нэгтгэн, 10 гаруй төсөл хэрэгжүүлснээр доорхи загвар бүтээгдэхүүнийг гаргаж үйлдвэрлэхэд бэлэн болоод байна. Үүнд:
-Иммуноглобулин (булчин, судсанд тарих)
-Гепатит С-ийн эсрэг өвөрмөц иммуноглобулин
-Гепатит А вирүсийн эсрэг иммуноглобулин
-Томуугийн эсрэг өвөрмөц иммуноглобулин
-Интерферон
-Гепатит В-ийн эсрэг ийлдэсийн вакцин
-Гепатит А, В, С, ДОХ-ийн оношлуурууд
-99% цэвэршилттэй бүхий 5%,10%, 20%-ийн альбумин