Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, Монголын вирус судлалын нийгэмлэгийн гишүүн доктор, профессор Ж.Оюунбилэг Монгол Улсад илэрсэн “SARS-CoV-2” вирусийн 15 нь мутацид орж хувирсан монгол омог байсан талаар Itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Тэрбээр энэ талаар ярихдаа “Вирус бол тухайн улсын үндэстэн угсаатны генд дасан зохицож, хувиран бие махбодид халдвар үүсгэгч юм. Генийн код өөрчлөгдөхийг мутаци гэнэ. Энэ бол вирусийн мөн чанар. Мутацигүй вирус гэж хаа ч байхгүй. Тогтмол мутаци үүсэж байдаг. Тэгэхээр монгол омог, нутгийн омог үүссэн гэдэг нь мутацийн үр дүнд үүсчихлээ гэсэн үг.
Коронавирусийн мутаци манайд хувирч өөрчлөгдөж байгаа зүй тогтол ажиглагдаж байна. Тодруулбал, Монголд үүссэн гэх коронавирусийн 20 омгийг манай мэргэжилтэн Япон руу авч явж, судалсан. Ингэхэд тухайн 20 омгийн нэг нь л Хятадын Уханий омог байсан бөгөөд дөрөв нь дэлхий дахинд тарсан омог, харин үлдсэн 15 нь мутацид орж хувирсан монгол омог байсан нь тогтоогдсон. Энэ нь нэг ёсондоо вирусийн өөр нэг шинж чанар буюу тухайн улсын үндэстэн, угсаатанд хувирч дасан өөрчлөгдөж байгааг харуулж байна.
Мөн вирус ийнхүү улам хүн амд дасан зохицож, өөрчлөгдсөнөөр халдварлуулах болон өвчлүүлэх эрсдлийг улам өндөр болгож байгаа юм” гэжээ.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ITOIM.MN сайтаас уншаарай.