Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг цуцлах болсон талаар Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс мэдээлэл хийлээ.
Энэ талаар МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар: Түүхэндээ анх удаа зургаан жилээр сонгогдох хариуцлагатай сонгууль. МҮОНРТ болон MM World сувгаар шууд дамжуулахаар төлөвлөсөн. Өчигдөр болон өнөөдөр гурван нэр дэвшигчийн намын төлөөлөлтэй уулзаж хэрхэн, ямар байдлаар мэтгэлцээнийг зохион байгуулах талаар санал солилцсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн чиг үүргийг 12 зүйлээр зааж өгсөн. Үүнтэй холбоотой үндсэн таван сэдвийн хүрээнд бэлтгэл хангах чиглэлийг нэр дэвшигчдэд өгсөн. Нэг хөтлөгчтэйгөөр 17.50-19.50 цаг хүртэл халз мэтгэлцүүлэхээр төлөвлөж байсан. Тайзан дээр зогсох дараалал, асуултад хариулах дараалал, дохионы хэлмэрч сонгох, хаалтын үг хэлэх гэсэн таван сугалааг хийсэн. Нэр дэвшигч бүрд зориулсан дохионы хэлмэрч ажиллана. Өнөөдрийн хэлэлцүүлгийг дөрвөн дохионы хэлмэрч, нэг синхрон орчуулагчтай явуулахаар төлөвлөж байлаа. Нэр дэвшигч нартай гурван удаагийн уулзалт хийсэн. 60 орчим сая төгрөгийн санхүүжилт гаргаж тайз, бэлтгэл ажлыг хангасан.
Гэтэл “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат Ковид-19-ын халдвар авсан талаарх мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотойгоор бид мэтгэлцээнийг хэрхэн зохион байгуулах гарц гаргалгааг ярьсан. МҮОНРТ бүгдэд тэгш боломж олгох үүднээс хэрхэн яаж зохион байгуулах гарц гаргалгааг хайж гурван хувилбар ярьсан. Хоёрдугаар эмнэлэг рүү явуулын станцаа аваачаад тэндээс шууд дамжуулах боломж байна уу гэдэг албан бичиг явуулсан. Харин хоёрдугаар эмнэлэг улаан бүс рүү хүн оруулах, нэр дэвшигчийг эмнэлгээс гаргах боломж байхгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс халз мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болж байна. Улс төрийн хүчнүүд бүгд мэтгэлцээн явуулах хүсэлтэй байгаа. Удаа дараа бидэнд хандсан” гэлээ.
‘Зөв хүн электорат’ эвслээс нэр дэвшигч Д.Энхбат Ковид-19-ын халдвар авч Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Уг нь өнөөдөр 17.30 цагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулах шийдвэр гаргаад байсан юм.
Л.Баяр