Дарханы төмөрлөгийн үйлдвэрт тушаасан хуучны зэвсгийн үлдэгдэл болох 13 төрлийн 58 ширхэг галт хэрэглэлийг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн хайгуул устгалын бүлэг тэсэлж устгажээ.
Эдгээрийн ихэнх нь тэсрэх аюултай байсан бөгөөд төмрийн хог дотроос олсон байна. Энэ талаар ЗХЖШ-ын Зэвсгийн хэлтсийн дарга П.Чинзориг “Гаднаа зэвэрсэн харагдавч дотроо аюул дагуулсан энэ хогноос болж олон хүн хохирч байна. Зэс бүслүүр, гуулийг, хөнгөн цагааныг авах гэж амь насаа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон олон жишээг мэддэг учир анхааруулж байна” хэмээсэн юм.
Ийм үлдэгдлүүд Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг, Багануур дүүрэг зэрэг гээд Орос цэргийн ангиуд байсан газраас их олддог байна.