Улсын Их Хурлын даргын 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар захирамжаар байгуулагдсан Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-аас баталсан холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2020.06.02/ хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдаанд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн дэд ахлагч Н.Ганибал, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Туваан, Ц.Сандаг-Очир нар оролцов.
Тус ажлын хэсэг үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан уг маргаан бүхий асуудлыг нягтлах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгахад тайлбар, мэдээлэл шаардлагатай байгаа тул холбогдох тайлбар, мэдээллийг энэ сарын 20-ны дотор бичгээр ирүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газраас хүссэн байна. Энэ дагуу дээрх байгууллагууд тайлбар, мэдээллийг бичгээр ирүүлсэн бөгөөд ажлын хэсгийн өнөөдрийн хурлаар холбогдох зарим байгууллагын албан тушаалтнуудын нэмэлт тодруулга, тайлбарыг сонсов. Ажлын хэсгийн хуралд УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, улсын хяналтын ахлах байцаагч Ж.Чиймаа, хяналтын байцаагч Д.Чинтулга болон СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцож тайлбар, мэдээлэл өгсөн юм.
Ажлын хэсгийн гишүүд ирүүлсэн тайлбар, мэдээлэлтэй холбогдуулан хуралдаанд оролцсон албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн дэд ахлагч Н.Ганибал АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нэр дэвшигчийн материал хүргүүлсэн ч Н.Алтанхуяг гишүүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хууль эрх зүйн үндэслэлийг тайлбарлахыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүслээ.
Уг асуултад Сонгуулийн ерөнхий хорооноос дараах тайлбарыг өгсөн юм. СЕХ зөвхөн нэг хүний бүрдэл материалыг хүлээн авч, эрх бүхий байгууллагын лавлагаанд үндэслэн тухайн нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай. Алийг нь хүлээж авахыг нягтлахын тулд тухайн хоёр хүний материалыг хоёуланг хүлээн авч нягталж, шалгасан. Ингэж нягталж шалгахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар намын Төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцээд нэр дэвшигчийг тодруулахаар хуульд заасан учраас тухайн намын Төлөөллийн төв байгууллагын шийдвэр буюу АН-ын дүрэмд заасны дагуу Үндэсний бодлогын хорооны шийдвэрийг эрх бүхий байгууллагаас ирүүлсэн лавлагаануудыг үндэслэн нэг баримт материалыг хүлээн авсан. Харин Н.Алтанхуяг гишүүний материалыг бүртгэхээс татгалзах шийдвэр гэж гараагүй. Нэг намаас зөвхөн нэг нэр дэвшигчийн баримтыг хүлээн авч, тухайн нэр дэвшигчийг бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах шийдвэр гаргадаг учиртай гэлээ.
Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил нэр дэвшигчдийн материалыг авахдаа ямар ямар байгууллагын лавлагааг үндэслэсэн, лавлагаа авахдаа байгууллагуудаас ямар асуултууд тавьсан зэргийг тодруулав. Мөн ажлын хэсгийн Ц.Туваан АН-ын талаар Улсын дээд шүүх 4 шийдвэр гаргасан талаар мэдээлэл хэлээд, намын Төлөөллийн төв байгууллагын хурал хэрхэн явагдсан, ирцийн асуудал зэргийг хэрхэн хянаж, нягталж шийдвэр гаргасан талаар тодруулсан юм. Гишүүний асуултад СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ тухайн намын Үндэсний бодлогын хорооны шийдвэр нь хуулийн дагуу гарсан эсэх, намын дүрэмдээ нийцсэн эсэх нь улс төрийн намын дотоод асуудал, тэр дундаа дүрмээр зохицуулагддаг асуудал учраас үүнд оролцох, хянан шийдвэрлэх эрх Сонгуулийн ерөнхий хороонд байхгүй гэсэн хариулт өгөв.
Түүнчлэн ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнхцэцэг хууль хоорондын уялдаа тухайлбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиудыг эргэн харах шаардлагатай. Мөн цаашид улс төрийн намын бүртгэлийг аль байгууллага хариуцах вэ гэдэг асуудлыг ч сайтар ярилцаж нягтлан зөв чиглэлд оруулах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв.
Ажлын хэсгийн гишүүд дараа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудаас нэмэлт тайлбар, мэдээлэл авсан бөгөөд гишүүд тус бүртээ дүгнэлтээ боловсруулж ирүүлсний дараа ажлын хэсгийн нэгдсэн санал дүгнэлтийг боловсруулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.