Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук лхагва гарагт Оросын төрийн тэргүүн Владимир Путинд захидал илгээжээ. Уг захидалдаа тэрбээр Вьетнамын нутаг дэвсгэрт ОХУ-ын вакцин үйлдвэрлэхэд тусламж дэмжлэг хүссэнийг Вьетнамын төрийн мэдээллийн VNA агентлаг тэмдэглэжээ.
“Ерөнхийлөгч Путин, Орос орон саяхан Вьетнамд эмнэлгийн тоног төхөөрөмж олгосонд талархаж байгаагаа илэрхийлэхийн хажуугаар Нгуен Суан Фук Оросыг вакцинаа авах боломжоор хөнгөвчлөх, Вьетнамд вакцин үйлдвэрлэхэд оролцох хүсэлт гаргаж байна” гэжээ.
Вьетнамын Ерөнхийлөгч ОХУ-ыг коронавирусийн тархалттай тэмцэх, COVID-19-ийн вакцин боловсруулахад амжилт гаргаж байгааг өндрөөр үнэлээд Вьетнамын ард түмний өмнөөс Путинд болон Оросын ард түмэнд удахгүй болох Оросын өдрийн мэнд хүргэжээ.
Үүний зэрэгцээ Вьетнамын Эрүүл мэндийн сайд Нгуен Тхань Лонг Вьетнамын төрийн өмчит Vabiotech компаниВьетнамд орос вакциныг юүлэх, савлах хөтөлбөрт Оросын түншүүдтэй ажилладагт талархдагаа илэрхийлсэн байна. “Энэ хөтөлбөр бол Оросоос Вьетнамд ирээдүйд төлөвлөсөн вакцины үйлдвэрлэлийн технологио дамжуулах сайн суурь” хэмээн Нгуен Тхань Лонг хэлснийг Vietnam News портал дамжуулжээ.
Оросын ЭМЯ 2020 оны наймдугаар сард Гамалейн нэрэмжит Халдвар судлал, микробиологийн үндэсний судалгааны төвийн боловсруулсан COVID-19-ээс урьдчилан сэргийлэх вакциныг дэлхийд анх удаа бүртгэсэн юм. Энэ вакцинд “Спутник V” нэр өгчээ. Одоогийн байдлаар бэлдмэлийг нийт 3,2 тэрбум хүн амтай 66 улс сайшаасан бөгөөд вакцины үр дүн 3,8 сая орост хийсэн дүнгээр 97,6% гэж гарчээ. Энэ нь анагаах ухааны The Lancet (91,6%) сэтгүүлээс гаргасан үр дүнгээс өндөр гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдэгджээ.
Эх сурвалж: ria.ru
Орчуулсан Э.Март