ИБНАУ-д явагдаж буй “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааг дуусгавар болгож, тус улсаас эвслийн цэргийг 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дотор татан гаргах шийдвэрийг АНУ болон “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын гишүүн орнууд гаргаж, эвслийн цэргийг татан гаргах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн явагдаж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг эвслийн цэргийн “Шинэ Кабул Бааз”-ын аюулгүй байдлыг хангах үүргийг Дани Улсын цэргийн алба хаагчдад 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгч, эвслийн цэргийн нисэх хүчний “Баграм Бааз”-д шилжин байрласан.
Эвслийн цэргийн “Шинэ Кабул Бааз”-ыг Афганистаны үндэсний батлан хамгаалах аюулгүй байдлын хүчинд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр явагдаж, баазад үүрэг гүйцэтгэж байсан цэргийн багууд өөрийн улсын төрийн далбааг буулгах, ИБНАУ-ын төрийн далбааг мандуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн захирагч, дэд хурандаа М.Түвшинжаргал, цэргийн багийн холбогдох бүрэлдэхүүний хамт энэхүү арга хэмжээнд оролцлоо.
Ёслолын арга хэмжээнд ИБНАУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны хүчний командлагч генерал Аустин Скотт Миллер, Кабулын Аюулгүй байдлын хүчний командлагч бригадын генерал Олли Браун болон эвслийн цэргийн “Шинэ Кабул Бааз”-д үүрэг гүйцэтгэж байсан цэргийн багуудын удирдлага, албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон юм.
“Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны хүчний командлагч генерал Аустин Скотт Миллер ёслолын ажиллагаанд оролцсоны дараагаар Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн захирагч дэд хурандаа М.Түвшинжаргалтай уулзаж, Монгол цэрэг “Шинэ Кабул Бааз”-ын аюулгүй байдлыг хангах үүргийг маш сайн гүйцэтгэн Афганистаны үндэсний батлан хамгаалах аюулгүй байдлын хүчинд амжилттай хүлээлгэн өгч, эх орондоо буцаж байгаад талархлаа илэрхийлж, амжилт хүслээ.
Ийнхүү Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран ИБНАУ-д явагдсан “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд 17 жил тасралтгүй үүргээ амжилттай гүйцэтгэж, дэд хурандаа М.Түвшинжаргал захирагчтай цэргийн баг эх орондоо буцах бэлтгэлээ хангаж байна.
Эх сурвалж: ЗХЖШ