Улаанбаатар хотыг Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудалтай холбосон авто зам нийслэл рүү ирэх чиглэлийн урсгал дагуу цуурсан талаар нийгмийн сүлжээнд багагүй шүүмжлэлд өртөөд байна.
Цууралт 115 метр урт, 50 см хүртэлх гүнтэй дөрвөн хуруу өргөнтэй байсан бөгөөд эвдрэл гараад удсан байдалтай байна.
Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын зохицуулалтын газрын дарга Д.Загдраднаа “Барилгын ажил 2019 оны есдүгээр сард дууссан. Өнгөрсөн жил зам дээр дагуудаа хагарал гарсан. Эвдрэлийн шалтгааныг тогтоохоор Зам тээврийн яам гүйцэтгэгч болон төслийн зөвлөгч компанитай хамтран ажлын хэсэг ажиллаж байна. Хагарлыг хэрхэн засах талаар гүйцэтгэгч компани аргачлал төлөвлөгөөгөө гаргаж байна. Улсаас ямар нэг мөнгө гарахгүй гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр хийнэ. Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа долоодугаар сарын 04-нд эхлэхээр төлөвлөж байгаа учраас үүнээс өмнө засварлаж хэвийн болгоно.
Хагарлын шалтгаан тодорхойгүй байна. Гүйцэтгэгч компанийн баталгаат засварын хугацаа гурван жил буюу 2022 оны есдүгээр сард дуусна.
Л.Баяр