Монголын урлагийн зөвлөлийн “Улаан гэр” бүтээлч орон зай нь олон нийтийн урлагийн боловсролд хувь нэмэр оруулах үүднээс олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тэдгээрийн нэг “Улаан гэрийн өдөр” цуврал бөгөөд долоо хоног бүрийн пүрэв гарагт тогтмол хийж байна. Энэ удаа авианы засалч, уран бүтээлч Л.Маандатай хамт дуу авианы засалд хамрагдах таван оролцогчийг тэд урьжээ.
“Анагаах авиа” урлагийн сэтгэл заслын өдөрлөг ирэх сарын 4-нд болох юм. Саунд терапи гэдэг нь өндөр давтамжтай хөгжмийн зэмсгийг хөгжимдөж, дуу авиагаар хүний бие махбодыг эсийн түвшинд анагааж, энергийг сэргээж, сэтгэл зүйн блокийг тайлж бие оюун, ухаан сэтгэлзүйг эрүүлжүүлдэг урлагийн сэтгэл заслын арга юм.
Дэлхийн олон оронд энэ төрлийн үйлчилгээ нэвтэрч, хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд олон сая хүн үр дүнгийн талаар өндөр сэтгэл ханамжтай байдаг. Хүний биеийн 70 хувь нь ус учир саундтерапи засалд орох үед хүний биеийн усны бүтцэд өөрчлөлт орж, заслын хөгжмийн долгионоос альфа дельта долгион ялгарч, анагааж, сэтгэл зүйг тайвшруулж, биеийг эрүүлжүүлдэг байна. Уран бүтээлч Л.Маанда нь 2016 онд ОХУ-ын Москва хотод “Yoga Gong” студид суралцаж, саундтерапист буюу дуу авиан засалч чиглэлээр мэргэшсэн бөгөөд 4-5 төрлийн анагаах үйлчилгээтэй хөгжмийн зэмсгээр тоглодог ажээ.
Б.Номуун
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин